Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 90 гаруй хүн амиа алдсан байна. Удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, батлагдаагүй зураг төслөөр зөвшөөрөлгүй барилга барьсан, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлээр доорх нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр тогтлоо.

  Чандмань цамхаг, Их наяд, Эрэлт, Нийслэл өргөө, Тайгам Алтай, Есүй ордон, Тен тен, Суурь, Говь гурван сайхан, Назу констракшн, Бо Бэ констракшн ХХК-ийн нэрс оржээ.


МХЕГ-аас Барилга, хот байгуулалт, Сангийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль хяналтын байгууллагад хандан цаашид авах арга хэмжээний саналаа хүргүүлэхээр болсон байна.
Тухайлбал,  тендерт шалгарч төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д бүртгэн дахиж тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагад асуудлыг нь тавих, нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдийн барьж байгаа барилгуудыг эрчим хүчээр хангахгүй байх, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх тухай албан тоот илгээхээр шийдвэрлэлээ.


Аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг төсөвлөж зарцуулж байх, аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа барилгын ажлаа эхлүүлэх, дотоод хяналтаа сайжруулахыг анхааруулсан байна.
МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаас гаргасан дээрх шийдвэр нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хааж боосон хэрэг биш. Гагцхүү хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй ослоос зайлсхийх зорилготой гэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 90 гаруй хүн амиа алдсан байна.

Доорх компаниудад хариуцлага тооцох үндэслэлийг ч гаргажээ.

  "НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХХК: Угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн.

  • "БО БЭ КОНСТРАКШН" ХХК: Дүүжинт өргүүрийн дээвэр дэх гаоны бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.
  • "ЧАНДМАНЬ ЦАМХАГ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэсэн.
  • "ИХ НАЯД ХӨГЖИЛ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөшөөрөлгүй, магадлалгүй зураг төслөөр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй.
  • "ЭРЭЛТ ИМПЕКС" ХХК: Угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.
  • "ТАЙГАМ АЛТАЙ" ХХК: Ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй.
  • "ЕСҮЙ ОРДОН" ХХК: Барилгын тухай хууль болон бусад дүрэм журмыг ханган ажиллаагүй.
  • Тен тен” ХХК, “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн" компаниуд удаа дараа зөрчил гаргасан.