Манай улсад "эдийн засаг"-ийн хямралаас болоод ажил олдохгүй байна гэх яриа чих дэлсэв. Ажил яагаад олдохгүй байдаг билээ гэх асуулт урган гарч ирэхэд хариултыг олж эс чадна.

"Ажил хүнийг голдоггүй" гэдэг гэтэл хүн ажлаа голоод хийх ээ байсан цаг үед бид амьдарч байна. Өөрийн хөдөлмөрөөр ахиж дэвшин амжилтад хүрсэн хүмүүс олонтаа. Гэсэн хэдий ч өнөө үед "диплом" өвөртлөсөнөөсөө болоод цалин өндөртэй "борлог" ажлыг хийхгүй шууд дарга, алба тушаал горилсон ажлыг хийхийг илүү үзсэнээс болж ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь харамсалтай. "Борлог" ажил гэдэг нь тухайлбал, барилгын ажил, худалдагч, үйлчлэг, асрагч гэх мэт жагсаавал уртаас урт үргэлжилнэ. Эдгээр ажлын зарим нь өндөр цалинтай байдаг. Саяхны нэг өдөр дээд сургууль төгсөөд хоёр жил ажилгүй байсан танил эмэгтэйгээ мэргэжлээрээ ажиллахгүй бол нэгэн цалин өндөртэй ажилд орох саналыг тавьтал "Их сургууль төгсчихөөд яаж ийм ажил хийдэг юм" гээд халгаагүй юм. Угтаа бол хүн багаас нь эхэлж зүтгэж байж дээшээ шат ахих ухагдахууныг зарим нэг хүмүүс ойлгохгүй байна уу даа гэсэн сэтгэл дээрхээс төрсөн.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо эхний улиралд 44.6 мянга болсны 23.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.3 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.0 мянган хүн буюу 2.8 хувиар, өмнөх сарынхаас 0.4 мянган хүн буюу 1.2 хувиар буурчээ. 

Гэхдээ бүртгэлтэй ажилгүй иргэдийн ихэнх хувийг та боловсролгүй иргэд эзэлж байгаа гэж бодож байна уу? Үгүй харин ч тэд хамгийн бага хувийг эзэлдэг. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.1 хувийг магистр, доктор, 31.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 42.8 хувийг бүрэн дунд, 6.8 хувийг суурь, 1.8 хувийг бага боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63.0 хувь буюу 21.0 мянга нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Завхан, Дорнод, Баянхонгор, Дундговь, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Орхон, Говь- Алтай, Ховд, Хэнтий, Төв, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-11.7 пунктээр илүү байгааг статистикчид гаргажээ. 

Ийнхүү ажилгүй байж албан тушаал харж "дипломоо" хадгалсаар ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлсээр байна. Тэд нэгийг бодож, хоёрыг тунгаана биз.

 

Х.Даваа