2011 онд Баярцэцэг хэмээх нийгмийн идэвхитэй бүсгүй болон гадаадад тѳгсѳѳд ирсэн хэсэг залуусын санаачилгаар байгуулагдсан “Гадаадад төгсөгч монгол манлайлагч залуусын холбоо”-ны үйл ажиллагаа  өдрөөс өдөрт өргөжиж буй. Эдүгээ энэхүү сайн  дурын холбооны Ерөнхийлөгчөөр  Барилгын материал үйлдвэрлэлийн “Баб инвест ХХК”-ний ерөнхий менежер Б.Мандухай ажиллаж байна. Арлын  Японд дээд боловсрол эзэмшсэн тэрээр ажлын туршлага хуримтлуулж ирээд нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллан, үеийн залуусаа гэрэл гэгээтэй зүйлд урин дуудаж хамтдаа хөгжих хүсэл нь энэхүү сайн дурын байгууллагатай холбож. Япон Улсын хөгжлийг нууцыг сонирхон судалж  гадаадад сурч боловсорсон зѳв сэтгэлгээтэй залуус  жинтэй хувь нэмэр оруулсныг мэдсэн болон энэхүү хүсэл тэмүүлэл нь түүнийг монголдоо ирээд энэ ажлыг гардан хийх зам руу хөтөлснийг үгүйсгэхгүй.

Ингээд Гадаадад төгсөгч монгол манлайлагч залуусын холбооны Ерөнхийлөгч Б.Мандухайтай ярилцснаа уншигч танаа хүргэе.  

-Та хүүхэд байхын л нийгмийн идэвхитэй, сурч мэдэх эрэл хүслээр дүүрэн авхаалжтай охин явж. Энэ байдал таныг залуусаа уриалж тэдний дунд орж ажиллах тэмүүллийг бадраасан болов уу гэж бодож байна?

-2011 онд Баярцэцэг гэдэг АНУ-д төгссөн бүсгүй хэсэг залуустай хамтран Гадаадад төгсөгч монгол манлайлагч залуусын  холбоог санаачлан үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй. Манай холбоо хоорондоо танилцах, нийгэмд эерэг сайн нөлөө үзүүлэх гэсэн эрхэм зорилготой. Миний хувьд 2013 оноос энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Тэр үед Мөнхбаатар гэдэг залуу Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба өөдрөг тэмүүлэлтэй аливаа зүйлд хандах хандлага нь таалагдсан, элссэн. Хэдийгээр би нийгмийн идэвхитэй байсан ч гэсэн хүмүүсийг удирдаад, ажил зохион байгуулаад  явж байсан туршлага бага байсан. Хүмүүст сэтгэлээрээ туслах нь л хангалттай гэж үздэг тийм хэмжээнд байлаа шүү дээ. Тэгээд мундаг залуустай хамтран ажиллах хугацаандаа ѳѳрийгѳѳ манлайлагч болгон хүмүүжүүлэх ёстой гэсэн бодолтой болсон. Эхний хоёр гурван сар учраа олохгүй хэцүү байсан ч, зөв хандлагатай ижил зорилготой байхад аяндаа л хүмүүс хүрээлээд ирдэг юм байна. Тэгээд ч өнөөдөр манай залуус маш их идэвхитэй болж. Нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийгөө хөгжүүлье гэсэн залуучууд олширсон байна. Завгүй байгаа хэрнээ ажлынхаа хажуугаар зүрх сэтгэлээрээ бидэнтэй нэгдэн ажиллаж байгаа залуустаа үнэхээр талархаж явдаг. Эдгээр залуучуудаасаа суралцаж байгаа минь миний ажлын ололт юм даа.

-Сургуулиа төгсөөд  Японд ажиллаж байсан гэл үү?

-Тийм ээ. Би Японы Такенака корпораци, СМR LABORATORY зэрэг  зураг төслийн компаниудад ажиллаж байсан. 2004 онд Япон Улсын Засгийн Газрын тэтгэлэгт хамрагдан, барилга архитектурын чиглэлээр суралцаж ажиллаж байгаад 2014 онд  эх орондоо ирсэн. Өрөөр хэлбэл миний амьдралын 10 гаруй жил Японд өнгөрчээ. Бүхий л талаараа сэтгэлийг минь татсан сайхан орон. Анх Японд очиж байхдаа хот төлөвлөлт, эмх цэгц, хүмүүсийн найрсаг харилцаа гээд хөгжлийг нь маш их биширч байсан. Судлаад үзэхэд дандаа тийм сайхнаараа байгаагүй бѳгѳѳд дайны дараахь хүнд байдлаас eрдѳѳ л 40 жилийн дотор хѳгжлийн маш өндөр түвшинд хүрч чадсан. Шалтгаан нь бүр Мэйжийн үeээс эхлэлтэй, бодлоготойгоор залуусаа гадаадад суралцуулж аж үйлдвэрийг цогцлоосон явдал байгаа юм. Эдгээр сурч боловсроод ирсэн залуучууд Японыг өөрчилж чадсан байдаг. Маш сайн хөдөлмөрлөсөн, мэдлэг боловсролыг маш сайн дээдэлж чадсан. Тиймээс би Японд байсан мөч бүрийг монголтой яаж холбогдох бол гэж бодож өнгөрөөж энэ хүрээндээ Японд  байдаг Монгол залуусын холбооны монголоо таниулах, сурталчлах ажлыг нь дэмжин идэвхитэй оролцдог байсан. Хаана ч боловсролтой залуучууд Монгол Улсынхаа нэр хүндийг байнга өргөж явдаг. Хэзээ ч муу хэлүүлэхийг хүсдэггүй. Эдгээр жижигхэн ч гэлтгүй зүйлүүд манай улсын нэр хүндэд нөлөөлнө шүү дээ.

- Өмнө залуучуудтай ажиллах талаар туршлага хуримтлуулж байсан болохоор энэ алба танд танил бус орчин байгаагүй. Ажлаа юунаас эхэлж байв?

-Эхний үед найзууд маань үйл ажиллагаануудад тусалдаг байсан. Анх Налайх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эргэж тойрч хамтдаа тоглож, бэлэг сэлт гэхээсээ илүү нийгэмшүүлэх тал дээр нь ажиллаж эхэлсэн. Tэдгээр хүүхдүүдийг “Би өөр учраас л бусдаар туслуулаад байна” гэсэн ойлголтыг багасгах гэж энэ  ажлыг зохион байгуулдаг юм. Ер нь юм энгийн байх тусмаа л үр дүнтэй байдаг шүү дээ. Бид тэдэн дээр өнгөрсөн оны 8,11,12 дугаар сард очсон. Одоо хавар болоод дулаарч байна, удахгүй хамтдаа зугаална даа. Японд сурч байхдаа л монголдоо очоод нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллана, хөгжүүлнэ гэж боддог байсан. Тэгээд ирээд хүмүүстэй уулзахад цаанаа л өөр сэтгэхүйтэй зөв хандлагтай болчихсон, хандив хүмүүнлэгийн ажил ихийг хийж байгааг нь хараад үнэндээ бахдах сэтгэл төрж байлаа. Ойрын жишээг гэвэл энэ сарын 22-нд зохион  байгуулах гэж байгаа ажлынхаа хүрээнд бидний шижигнэсэн 10 залуу ажлынхаа хажуугаар пүүс компаниудтай уулзаад явж байна. Ингэж залуучууд нэгдэж байгаагаас монголын нийгмийн хөгжлийг тодорхойлж болох байх аа.   

-Үнэндээ ч нийгэм хөгжихийн хэрээр залуучууд маань өөрийн гэсэн үзэл бодолтой болсон. Түүн шиг  танай холбоонд нэгдсэнээр тэд хэрхэн яаж өөрчлөгдөх вэ бүр тодруулбал юуг өөртөө бий болгож чадах вэ, давуу тал юу байх вэ?

-Хүний хөгжил бол өөрийнх нь шийдвэр, оролдлого, оролцож байгаа үйл ажиллагааных нь үр дүнгээс их хамааралтай байдаг гэж боддог. Үр дүн гарах тусам хүн өөртөө итгэлтэй болно. Манай арга хэмжээнүүд сэдэв зорилго тодорхой, үр дүн ч хэмжигдэхүйц байдаг. Бидний зүгээс залуучуудад нийгмийн оролцооны ач холбогдлыг  хүргэхийг зорьж байгаа. Хамгийн гол нь хүний өөрийн хичээл зүтгэл байх ёстой. Үүнийг л таниулан сурталчлахыг чухалчилдаг. Энэ хүрээнд бид “Нобелийн Шагналтнууд” номын сангийн идэвхитэй уншигч хүүхдүүд болон үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг залуучуудад гадаадад суралцах талаар ѳѳрсдийн туршлагаас хуваалцаж, цаашид биднээс илүүг мэдэж том зүйлд хүрэхэд нь хэрэгтэй мэдээлэл ѳгѳх хамтарсан хѳтѳлбѳр хэрэгжүүлж байгаа.

-Хоорондоо танилцах гэдэг чухал зүйл. Энэ нь ч нэлээд үр дүнгээ өгсөн байх гэж бодож байна?

-Гурван жилийн хугацаанд үүссэн нөхөрлөл аль хэдийн бизнесийн түвшинд очоод бизнесээ хийгээд хамтрагчаа олоод явсан байдаг. Мөн энэ дундаас дотно танилцаж гэр бүл болсон тохиолдол ч бий. Ѳнѳѳдѳр л гэхэд ѳнгѳрсѳн жил холбооны ерөнхийлөгчѳѳр ажилласан Мөнхбаатар Жижиг дунд үйлдвэрлэлийн чуулганд холбоогоо төлөөлөн оролцож бидний дуу хоолойг хүргэж байгаа. Мөн би #StartuрМоngolia болон Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан тэмцээнд Төрбат, Мөнхбаатар хоёртой нэг баг болон оролцож байх жишээтэй.   

-Манай холбоонд гадаадад сургууль төгссөн магистраас дээш цолтой залуус 40 хувийг бүрдүүлж байна. Бид сар бүр, эдийн засаг байгаль орчин болон спортын арга хэмжээ зэрэг янз бүрийн сэдвээр нэтворкин уулзалтуудыг зохион байгуулдаг. Хѳрсѳндѳѳ буух гэдгийг танилын хүрээгээ тэлж монгол сэтгэхүйдээ эргэн ирэх гэж ойлгодог. Энэ үйл ажиллагаануудад идэвхи зүтгэлтэй оролцдог залуус маш амжилттай “нутагшсан” харагддаг. Тухайлбал манай спорт арга хэмжээний ихэнхийг зохион байгуулдаг байсан Улсболд гэдэг залуу Soyol Wellness Center-т хүний нөөцийн захирлаар ажиллаж байна. Энэ мэтчилэн манай үйл ажиллагааг өргөжүүлж, олон ниитийн үйл ажиллагаанд оролцож удирдан зохион байгуулах ажилд өөрийгөө сорьсноор хүмүүстэй харилцах арга ухаанд суралцахад дөхөм болдог байх. Өөрөөр хэлбэл бид өөрийгөө хөгжүүлье гэсэн залуучуулыг эгнээндээ нэгтгээд зөв бодолтой залуусын давхрагыг бий болгохыг хичээдэг. Ингэж гэрэл гэгээтэй хүмүүс нэмэгдэх тусам хар бараан зүйл багасах байх гэж итгэж явдаг даа. Тэгээд ч би Монгол Улсынхаа ирээдүйг өөдрөгөөр хардаг. Гэхдээ ирээдүй гэрэлтэй гээд гараа хумхиад сууж болохгүй. Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нараа сайн дэмжин дэм дэмэндээ хѳгжих хэрэгтэй гэж боддог.   

 

 

Д.Нэргүй