Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр “Арвайн Үндэс” компани, МҮБХ хамтран Монгол улсын АРСЛАН цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг өнгөрсөн амралтын өдөр 24 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн АРСЛАН цолны хүндэтгэлийн барилдааны бай шагнал өндөр байсан нь онцлог байлаа.

   Монгол улсын АРСЛАН цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй  224 хүчтэн зодоглосноос залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. 
Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарав.

   Энэ өдрийн барилдаанд Ө.Даваабаатар харцага тун онцгой байлаа. Уран барилдаант харцагынхаа иртэй, уртай ийм барилдааныг ойрд хараагүй үзэгчид сэтгэл их өндөр байв. Их шөвөгт арслан Н.Батсуурь харцага Ө.Даваабаатарыг амласан агаад барилдаан огт удсангүй. Н.Батсуурийг тахимдах хоромд Ө.Даваабаатар дагуулж дунгуйлдаад тун чиг уран давсан билээ.

  Төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн алдарт арслангууд олноор ирсэн энэхүү хүндэтгэлийн хойморт улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, М.Мөнгөн , Б.Ганбаатар, Д.Ганхуяг нарын зочид тухлан сууж хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхов.

   Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Үндэсний манлай үйлдвэрлэгч "Арвайн үндэс" компанийн хамт олон хүрэлцэн ирсэн 15 арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.