Ази твийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Кувейт улсад өчигдөр эхэлсэн. Тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

О.Балжинням, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нараар ахлуулсан шигшээгийн тамирчид Кувейтын татамид хүч үзэж эхэллээ.

Тэцмээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг финалд шалгарсан ч Японы бөхөд хожигдсоноор тивийн аваргаас мөнгөн медаль хүртэн шигшээ багийн тамирчдын салхийг хагалсан. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн барилдсан ч энэ удаа медалийн тавцанд гарах боломж бүрдсэнгүй. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү Төмөрхүлэг барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө алдарт Собировыг ялснаар медаль авах болзлоо хангасан юм. Ингэснээр тэрбээр тивийн аваргаас алт, мөнгө, хүрэл медальтан болж байгаа аж.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр бэлтгэл сайтай байгаагаа харуулж хүндээ хүрэл медаль хүртсэн. Түүний хувьд тивийн аваргаас ийнхүү анхны медалиа авлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа эхний тойрогтоо японы бөхөд ялагдан, дагах тойргийн барилдаандаа дахин хожигдсон тул тивийн аваргыг өндөрлүүлж, Лондонгийн олимпоос шагналт тавдугаар байрт шалгарч байсан олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдан Ази тивийн аварга боллоо. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяагийн хувьд өдгөө 28 настай бөгөөд ирэх онд болох Рио-гийн олимпод эх орноо төлөөлөн барилдах шигшээ багийн тамирчдын нэг юм.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Пагва, олон улсын шүүгч Д.Энхтүвшин, багийн эмч Ц.Ганзориг нар ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 81 кг О.Ууганбаатар, 90 кг Л.Отгонбаатар, -100 кг Б.Ариун-Эрдэнэ, +100 кг Б.Тэмүүлэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-ын жинд П.Лхамдэгд, +78 кг О.Жавзмаа нар Азийн аваргын төлөө Кувейтын дэвжээнд хүч үзнэ. Харин маргааш багийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. 

Э.ЭНХ