Залуусын сонсох дуртай “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун ӨӨРИЙГӨӨ НЭЭЖ, төрсөн өдрөө ӨГӨХ ӨДӨР болгожээ.

Бидний нэрлэдгээр “Татар”-ын Мөөгийгийн төрсөн өдөр 5 дугаар сарын 8-ны өдөр тохиодог бөгөөд тэрээр энэ жилийн төрсөн өдрийн баяраа тун сонирхолтой тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэр энэхүү баярт өдрөөрөө бусдаас авах биш, бусдад өгөх өдөр болгон зарлаж, найз нөхдөөсөө бэлэг авалгүй, харин бэлэгний мөнгөө “Өхөөрдөм инээмсэглэл” хэмээх сайн үйлсийн аянд хандивлахыг уриалсан байна. Түүнчлэн Мөөгий төрсөн өдрийн баяртаа хүрэлцэн ирсэн хүн бүрт хамтлагийнхаа CD болон бусад гарын бэлгийг өгчээ. Түүний энэхүү хүмүүнлэг санаачилгад “Punch” брэнд ч нэгдэж, төрсөн өдрийн баярын арга хэмжээ, “Өхөөрдөм инээмсэглэл” сайн үйлсийн аяныг дэмжсэн байна.

Тэрээр баярт мөчөө хуваалцаж “Хүн амьдралдаа олон удаа шинээр төрдөг юм байна гэдгийг би ойлгосон. Миний хувьд ээжээсээ нэг төрсөн, дараа нь 15 нас буюу шилжилтийн насандаа хүсэл тэмүүллийн хувьд дахин шинээр төрсөн гэж боддог. Энэ үед “Татар” хамтлаг маань байгуулагдаж байсан юм. Харин дараа нь 25 насандаа амьдралын эрээн барааныг ойлгож, оюун ухааны түвшинд дахин төрсөн. Одоо 31 нас хүрээд сэтгэл зүрхээрээ дахин мэндэлж байна” хэмээн хэлсэн юм.

Тиймээс л энэ удаагийн төрсөн өдрөөрөө ганцаараа баярлахыг хүсээгүй тэрээр амьдралын эрээн бараан, хэцүү бэрхийг үзэж яваа хүүхдүүдэд урам зориг бэлэглэхийг зорьжээ.