Түрүү жил Чингэлтэй дүүргийн засаг дарга манай байрны гадаа байдаг тоглоомын  талбайд  хүүхдүүд бид нартай хамт зөндөө их мод тарьсан.  

Тэр дарга ах муухай аашгүй юм байна лээ.  Би нарыг онц сураарай, сайн хүн болоорой, манай дүүрэг удахгүй ногоон дүүрэг болно, тарьсан модоо хайрлаж хамгаалаарай гэж захисан.  

Би дүү нартаа мод ерөөсөө хугалж болохгүй гэж зааж байгаа.  Нэг удаа Тэмүүлэн миний үгийг мартчихаад  бөмбөгөөрөө нэг өшиглөөд хаясан.  Манай эрэгтэй дүү заримдаа эгчийнхээ үгэнд ордоггүй.  Одоо 6 настай болохоороо жаахан сахилгагүй, дахиж мод гэмтээхгүй гэсэн.  Гэхдээ л би дахин дахин сайн хэлж байгаа.  

Саяхан би ээжтэйгээ хамт  Чингэлтэй дүүрэг рүү орсон.  Олон гоё өрөөнүүдтэй, олон ах эгч нар ажиллаад л ёстой гоё. Зөндөө их ажилтай болохоороо  ядардаг байх л даа.  Зарим ах эгч нар ууртай царайтай, хөмсгөө зангидсан байсан.  

Нэг ах намайг хаалгаа хаа, яах гэж яваа юм гэж загнасан. Хэхэ. Би ажилд нь саад болсон бол уучлаарай ахаа.

Намайг  коридорт явж байтал  давхар хаалганы хажууд Засаг дарга Д.Ганболд гэсэн өрөө байсан.  Мод тарьдаг сайн ах хуралтай байсан учир би уулзаж чадаагүй ээ.

Би уг нь ахаа тантай хамт мод тарьсан хүүхэд байна гэж хэлээд зургаа авахуулаад ангийнхандаа үзүүлнэ гэж бодож байлаа.  

Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат  гэсэн өрөө  рүү ээжтэй хамт орлоо. Энэ ахын  өрөө хөөрхөн жижигхээн хөргөгчтэй юм байна лээ.  Надад хөргөгчөөсөө зөндөө олон өнгийн шоколад  өгсөн.  Дахиад ав, ав гэсэн сайн ах байна лээ.  

Хүүхдүүдээ манай дүүрэг  томоо байшинтай цэвэрхэн гоё юмаа.  

Би том болохоороо  энэ байшинд ажилладаг мундаг хүн болноо гэж бодож байгаа.  Гэхдээ хүүхдүүд орж ирвэл зөндөө их  чихэр өгнө, бас уурлахгүй инээнээ.  Яагаад гэвэл ийм гоё байшинд  ажилладаг, гоё гоё  ширээ сандлуудтай, даарахгүй,  дулаахан, цонхон дээрээ гоё цэцгүүдтэй юм чинь юундаа уурлах юм тийм ээ.

Манай сургуулийн хашаанд тарьсан зарим моднууд үхчихсэн. Тэгсэн  хажуугийн 108 цэцэрлэгийн  хашаанд тарьсан моднууд нэг  ч үхээгүй, бүүр сайхан ургаж байна лээ.

Засаг дарга ахаа, бид нарын  хамт тарьсан  мод үхээгүй.  Би дандаа харж байгаа. Харин зарим ах нар сагс тоглохоороо бөмбөгнийхөө араас гүйгээд  модоо хайрлахгүй  гишгээд байх юм.  Намайг боль гэж хэлэхээр үгэнд орох болов уу яах бол гэж бодоод үг дуугарахгүй, зүгээр л муухай харчихдаг.  

Хүүхдүүдээ, манай дүүрэг ногоон дүүрэг учраас  тарьсан модоо хайрлая,  хогоо хогийн  саван хаяж байя, аав ээжийнхээ  үгэнд сайн  орьё, багш нар найз нөхдөө хүндэлье.

Та нар шилдэг хүүхэд байвал манай дүүрэг бас  шилдэг нь байх болно гэж манай ангийн багш Дэлгэрмаа үргэлж хэлдэг.  

Дараа нь ангийнхаа олон хүүхдүүдийг дагуулаад Чингэлтэй дүүргээ харуулнаа.

 

Бичсэн:  Чингэлтэй дүүргийн  50-р сургууль.  Б.Ивээл