“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өнөө өглөөнөөс эхлэн ажил хаялт зарлав. 

Энэ үеэр хуучнаар “Автобус 1” буюу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин, бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнууд болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсжээ.

Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлсэн юм. Харин тус компанийн удирдлагуудын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүссэн ч ажилчид уг саналыг хүлээж авахгүй байна. 

Одоогийн байдлаар төрийн өмчит нийтийн тээврийн компанийнхан үйлчилгээнд гараагүй хэвээр байна. Ажил хаялт зарласны улмаас зарим чиглэлд автобус явахгүй байгаа юм.