Жүжигчин Э.Батхүүг үзэгчид "Татаар ажиллагаа" киноны Колягийн дүрээр илүүтэй сайн таньдаг. 2002 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр их сургуулиа төгссөн. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бүрийн мөрөөдөл болсон УДЭТ-ын шалгалтыг давж гарсан жүжигчдийн нэг. Жил хагасын хугацаанд цалингүй дагалдан жүжигчин хийж явсаар 10  жилийг ардаа үдсэн гэдэг. Харин өдгөө "Шинэ үе" продакшнд харьяалагдах болсон юм.

Драмын театрт байхдаа “Надаар тоглосон хайр”, залуучууддаа “Эхнэрээ зээлээч”, “Тамгагүй төр”, “Ээжээ”, "Бардам туулай" зэрэг бүтээлүүдэд тоглохоос гадна туслах найруулагчаар ажиллаж  байсан билээ. 

Харин “Би чамд хайртай 2”-т туслах дүр “Сүүлчийн хөхөөн дуу” зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. Ийнхүү тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан хүч үзэж, чансаагаа тодорхойлж яваа жүжигчин залуу маань өөрийн бие даан найруулсан "Эр хүн болгож өгөөч" киногоо удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа гэнэ.

Тэрбээр өөрийн гэсэн бүтээлээ хийхийг хүсч мөрөөдөж явсан гэдэг. Нэгэнтээ "Надад киноны, жүжгийн зохиол, баг гээд бүх зүйл байна. Даан ч нөгөө олон тоотой юман дээр л гацчихаад байгаа. Ямар ч ажил хийсэн ивээн тэтгэгчгүй л бол явахаа байсан цаг" гэж байсан удаатай. Тэгвэл түүний мөрөөдөл биелэлээ олсон бололтой.

Д.Ана