Хэдхэн хоногийн дараа "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн баяр болох гэж байгаа билээ.

Энэ өдөр хүүхэд эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцож аливаа дарамт, хүчирхийлэлээс ангид байж эрхээ эдэлж буйгаа дуу хоолойгоороо хүргэх өдөр. Тийм дээ ч бид энэ өдөр нар болсон энхрий үрсээ сайхан баярлуулж, өөрсдийнх нь хүслийг сонсч баярыг нь хамтдаа тэмдэглэж ирсээр олон жилийг үдэж байна. 

Гэтэл бид хүүхдийг өдөр бүр баяр баясалтай, эрүүл саруул өсгөн бойжиход нь сүүлийн жилүүдэд заналхийлэх болсон. Хатуухан хэлэхэд бол үнэн. Хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөн эрүүл мэнд, амь насаараа хохирож нийгмийг цочроосон хэрэг жил бүр өсөх болсон нь "бид ямар нийгэмд амьдраад байна аа" гэж дуу алдмаар өдрүүдтэй нүүр тулдаг. Энэ бүгд "гэр бүл"-тэй шууд хамааралтай. Төрсөн эцэг нь хүүгээ хөнөөжээ, хойд эх, эцэг нь хүүхдээ тамлан зоджээ гэх мэдээлэл өдөр бүр хөвөрч байна. Хамгийн сүүлд хэвлэлээр гарч байгаа жишээг дурдахад, дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн хойд эх, төрсөн эцгийн хэрэг. Мөн хоёр настай охиноо төрсөн эх нь зодож, шөнө дөлөөр хувцасгүй шахам хөөж гаргасан гээд муухай үйлдэл тасрахгүй нь ээ. Гэтэл энэ бүгдийн цаана гэр бүлийн үнэ цэнэ оршин тогтнох үндэс нь бохирдсоноос үүдэлтэй. Эцэг, эхийн салалт ихэссэн нь хамгийн их нөлөөлж байгаа юм.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 5795 өрх гэр бүлээ батлуулжээ. Тэгвэл энэ хугацаанд 1422 өрх албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ.

Манай улс өнөө жил л арайхийж 3 сая дахь иргэнээ хүлээж авсан. Гэтэл дөрөвхөн сарын дотор 1500 гаруй гэр бүл салж үр хүүхдээ амьдын хагацал үзүүлж буй нь эмгэнэл. Уг нь жил бүрээр хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэж өнөр өтгөн аз жаргалтай явах нь гэр бүлийн үндэс. Гэтэл энэхүү үндэс нь салсан хөөрхий үрс минь яаж баярлах болж байна аа?

Манай улсын хэмжээнд 800 мянга гаруй өрх бүртгэлтэй гэдэг.  Үүнээс түүвэр байдлаар 1500 өрхийн дунд нийгэм эдийн засгийн байдал болон мөнгө санхүүгийн асуудал тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар “Амьдралын даатгал” компаниас судалгаа хийж үзжээ. Уг судалгаанд хамрагдсан өрхийн 41 хувь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал миний амьдралд маш ихээр нөлөөлж байна гэж хариулсан аж. Мөн гэр бүлийн хувьд мөнгө, санхүүгийн асуудал маргааны гол шалтгаан байдаг бөгөөд нийт гэр бүлийн 72 хувь нь санхүүтэй холбоотой гэр бүлийн маргаан хааяа гардаг хэмээн хариулжээ.

Үүнээс гадна залуус гэр бүлийн талаарх ойлголт муугаас сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж байгаа нь салалтад нөлөөлж байна хэмээн сэтэл судлаачид анхааруулж байна. Ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг нь гэр бүл салалт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. 

1990 оноос хойш хувь хүний эрх чөлөө гэсэн ойлголтыг хэт туйлшруулж авч үзсэнээр гэр бүлийн харилцаанд олон сөрөг хандлага бий болгосон хэмээн Гэр бүл судлаач Ч.Гантуул ярьж байсныг эргэн сануулах нь зүйн хэрэг биз ээ.

Манай улс Гэр бүлийн тухай хуулиа эргэж харах цаг нь аль хэдийнээ ирчихээл байхад өдийг хүртэл баталж чадахгүй яваа. Улс орон оршин тогтнохын үндэс нь ард түмэн. Гэр бүл амар амгалан байж төр амгалан байх болов уу хэмээн мөхөс би бодном. "Хүүхдийн баяр"- энэ өдрийг гэр бүлтэй нь хамт аз жаргалтай байлгаж, хүүхдийн жаргалтай харцыг харахын тулд "Гэр бүлийн хуулиндаа" салхи оруулья.