Бохир усаа Туул гол руу урсгана
2015/05/28
Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ. Яаралтай засварлахгүй бол нэг л өдөр цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бохир халих аюул тун ойрхон болсон гэнэ. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийн гэмтэлтэй хэсгийг яаралтай засварлах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийг анх байгуулсан цагаас хойш шинэчлэгдээгүй зарим байгууламжуудад цооролт үүсэж, цооролтын хэмжээ ихэссээр байгаа аж.
Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах гэнэ. Засварын ажлыг гурав хоногт багтаан хийх бөгөөд энэ хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн хоёр сонголт хийхэд хүрсэн байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгохоор болжээ.
Засварын ажлыг УСУГ-аас 40 орчим сая төгрөг гарган хийх юм байна. Хэрвээ гурав хоногтоо амжуулж л хийхгүй бол бороо шорооны улирал эхэлж байгаатай холбогдуулан хөрсний ус, гадаргуугийн ус орж ирнэ. Тэгэхээр энэ аэротенк маань ачааллаа дийлэхгүй болно хэмээн албаныхан хэллээ. Аэротенкууд нь 1979 он 80 аад оны эхээр баригдсан байна. Энэ олон жилийн хугацаанд бетон байгууламжууд нь улам бүр муудаж байгаа тул яаралтай асвар хийх гэж байгаа аж.
Уг нь шинэ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэж Засгийн газарт хандаж байсан гэнэ. Гэтэл өнөөг хүртэл тэд чимээгүй л байгаа сурагтай. 280-300 орчим сая төгрөг байвал шинэ цэвэрлэх байгууламж барих бүрэн боломжтой юм байна. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Туул гол руу бохир усаа урсгах талаар ийнхүү хэллээ “Байгаль орчин бохирдоно. Уг нь Байгаль орчны хууль, Усны тухай хуулиар ариутгах татуургын шугам сүлжээгээр хотын бохирыг цэвэрлээд Туул гол руу нийлүүлэх хуультай. Тэрийгээ хийж чадахгүй одоо хууль зөрчих гэж байна. Тийм учраас ард түмэнд зөвөөр ойлгуулаарай гэж хэвлэлийнхнээс тусламж авч байгаа юм. Байдал газар дээрээ ямар байгааг хэвлэлийнхэнд харуулна. Өөр яах юм бэ, ямар ч арга байхгүй байна” гэсэн юм.
Г.Мягмарсүх