Хүний амьдралд жаргал, зовлон ээлжлэн оршдог. Жүжигчин Д.Ганцэцэгийг "Жинжиймаа" кинонд тоглосон цагаас олон нийт таних болсон. Торомгор алаг нүдтэй хөөрхөн бүсгүй уг бүтээлд тун чадварлаг тоглосноор олны хайр, хүндлэлийг хүлээсэн юм. 

Тэрбээр драмын театраараа овоглогдож явсан ч амьдралын бэрхшээлээс үүдэн тайзаа орхисон гэлцдэг. Харин өдгөө "Хувьсал" продакшнд ажиллаж, хоёр хүүгээ өсгөж яваа. Түүний ханийг нэг л өдөр бурхны оронд одсон. Залуу хүнд энэ үеийг туулах хэцүү түшиж тулах ханиа залуугаар нь алдана гэж хэн санах билээ. Залуугаараа хад сууж, ухаан нэмсэн жүжигчин бүсгүй "Амьд явж, агаар амьсгалахад учир их байдаг юм байна л даа. Ганган машин унаад, тансаг хауст тухлаад, брэндийн дээдийг өмсөөд явж байсан ч хаяглах эх оронгүй бол "Та" зүгээр л нэг "Гээгдмэл хүн" . Бид юмаа гээчихээд олохгүй бол тэр зүйл хаягдсан газраа бороонд цохиулж, шороонд дарагдаад хэн ч тоохгүй хаягдаж орхигддог. Тэрэнтэй л ижил . Эдэлж хэрэглэж дуусаад хорвоогийн мөнх бусыг үзэхэд алдхан биеэ оршоох атгахан газраа та харийн хүнээс гуйж авах болох вий. Үлдсэн үр хүүхэд тань үлдээсэн хөрөнгийг тань үрж дуусаад, үйлийн үрийг тань эдэлж байхдаа төрсөн нутагтаа харийн хүмүүст хавчигдан амьдрах тавилан нүүрлэх ёрын цагийг та юунд хамтдаа бэлдэнэ вэ. Саруул талдаа давхиад, уудам талдаа дуугаа хадааж, цээж дүүрэн чөлөөтэй амьсгалж, эх орондоо эзэн шиг нь эзэн нь байж сэрэх цаг нь болсон байна даа, Монголчууд минь. Үр хүүхдийн минь ирээдүйг харийнхны дунд хавчигдаж, Хөрс шороондоо дөнгөтэй мэт алхан боолчлох эрх - Засаг ноёдод байхгүй шүү... Өглөө бүр - Эх орон минь байна уу? гэж түгшүүрлэн сэрэх нь холгүй болж дээ. Дор бүрнээ гаслан бодож, Ганцаардан цухалдахаас өөр бид юу хийж байна аа. Зүгээр суусаар байгаад " хамсаатан " нь болж байна даа.. Санаж, сэрж тун ч их хичээж зүтгэх цаг ирж дээ, хүн бүрт.. Монголдоо Монгол хүн шиг амьдрах цаг ирнэ дээ.. Сайн цаг ирнэ гэж хүлээх бус сайн цагийг бид өөрсдөө зүтгэж олно доо...! "Гээгдмэл хүн " болохгүй юмсан" гэлээ. 

Ийнхүү түүний бичсэнээс нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ залуус минь. Ганцхан залуус ч гэлтгүй төрийн түшээд, эрх баригчид ч нэгийг бодоход илүүдэхгүй шүү.

Д.Ана