АНУ-ын иргэн Чарльз Тейз Расселл 1870 онд Еховагийн гэрчүүд гэх шашны урсгалыг үндэслэснээс хойш христийн шашны нэгэн салбар урсгал болж дэлхий дээр 8,2 сая гаруй хүн шүтэж байна.  Тэд “Харуулын цамхаг”, “Сэрцгээ” гэсэн сэтгүүлийг сард 2 удаа хэвлүүлэн дэлхийн өнцөг булан бүрт тарааж,  уг урсгалыг сурталчилдаг байна.

Төв нь АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг бөгөөд тэдгээр нь сард хамгийн доод тал нь 1 ам.долларыг шашиндаа хандивладаг.

Энэхүү орлогыг тэд зөвхөн өөрсдийн шашны оршин тогтнох, дэлгэрүүлэх үйлсэд зарцуулдаг аж.
Уг урсгалын талаар зарим шашин судлаачид нийгмийг цочроож айдаст автуулсан, удаа дараа худал мэдээлэл тарааж байсан, өөрсдийн номлолд тааруулсан библийг зохион хүмүүсийг хуурч төөрөгдүүлдэг, буруу номлолуудыг дэлгэрүүлж буй тухайн улсад маш их хор хөнөөл учруулдаг гэх үндэслэлээр харгис, гаж гэж үздэг байна. Үүнийг шашны эрх зүйн зохицуулалт сул, хөгжиж буй орнуудад илүү дэлгэрүүлж, байхад ОХУ, Гүрж, Сингапур зэрэг улсуудад үйл ажиллагааг нь хориглосон байдаг.  

    Манай улсад Еховагийн гэрчүүд шашны урсгал 1995 оноос үйл ажиллагаагаа явуулах болж, одоогоор Улаанбаатар хотод Баянзүрх, Баянгол дүүрэгт 2 сүмийн байртай бөгөөд тус цуглаанд нийт 1000 гаруй итгэгч тогтмол явдаг байна.
 
    Еховагийн гэрчүүд шашны зааварчилга, номлол нь Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг дараах байдлаар тодорхой харуулж байна. Үүнд:  

•    Еховагийн итгэгч нарт цус сэлбүүлэхгүй байхыг номлодог.   Тэд “.. амь нас нь хутганы ирэн дээр байсан ч бууж өгөлгүй цусаа сэлбүүлэхгүй, амьд явахын тулд цус хэрэглэхийг Ехова бурхан хориглодог” гэж үздэг. Үүгээр итгэгч нарыг цус сэлбүүлэхгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн бичгийг өөртөө авч явахыг зөвлөдөг.
•    Өөрийн шашны итгэгч бус хүнтэй нөхөрлөх, дотно харилцаа тогтоохыг хориглодог бөгөөд итгэгчид зөвхөн өөр хоорондоо гэр бүл болох ёстой, өөр хүнтэй гэр бүл болох нь шашнаасаа урвасан хэрэг болдог. 
•    Итгэгч нарыг өөрийн шашны хэвлэл, материалаас бусад эх сурвалжаас мэдээлэл авахыг хязгаарладаг. Мөн “Амьдралын бүхий л асуудалд библи үнэн зөв хариулт өгнө” гэж номлодог ч өөрийн урсгалд тохирсон хэсгийг библээс түүвэрлэн авч мөрддөг. 
•    Тэд өөрсдийгөө дэлхий дээрх цорын ганц үнэн зөв шашин, бусад нь  хуурамч, худал, түүнийг буг чөтгөр зохиосон гэж үздэг. Энэ нь бусад шашныг үгүйсгэсэн, доромжилсон хандлага бий болгодог байна. 
•    Олон нийтийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, хэт өрөөсгөл зүйл буюу Еховагийн гэрч бус, дэлгэрүүлэгч болоогүй бүх хүмүүсийг Ехова бурхан алж устгана, зөвхөн Баптизм хүртсэн гэрчүүд амьд үлдэнэ гэж номлодог аж. Үүнд итгэсэн гэрчүүд ажлаас гарах, эд хөрөнгөө зарах зэргээр өөрсдийн амьдралыг уг шашныг дэлгэрүүлэхэд зарцуулдаг байна. 
•    Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт, баяр ёслолоос татгалзахыг гишүүддээ зааварчилдаг. Тухайлбал: Сар шинийн баяр, наадам, шинэ жил зэрэг болно. 
•    Еховагийн гэрчүүд нь дэлхийг тэр чигт нь буг чөтгөр захирдаг тул тус шашнаас бусад шашин, хууль, дүрэм журамд захирагдаж болохгүй гэж номлодог байна. Тэдний хүлээн зөвшөөрдөг ганц эрх мэдэл бүхий байгууллага нь Еховагийн гэрчүүдийн дээд шатны байгууллага болох АНУ-д байрлах удирдах зөвлөл нь аж. Үүнээс үүдэн Еховагийн гэрчүүд улс орныхоо төлөө зүтгэх, цэргийн алба хаах, төрийн дуулал, далбаанд хүндэтгэл үзүүлэх зэргээс татгалзуулдаг байна.  

Еховагийн гэрчүүдийн итгэгч нар иргэдийн орон байр, албан байгууллагаар хэсэн “Хаалга тогшин дэлгэрүүлэх” гэж нэрлэдэг ухуулга сурталчилгааны ажлаа зохион байгуулалттайгаар тасралтгүй явуулж байна. 
 Еховагийн гэрчүүд итгэгч бус та бидэнтэй анх уулзахдаа өөрсдийгөө олон улсын байгууллагын ажилтан мэтээр танилцуулж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд иргэдийн үзэл бодол, хэрэгцээ шаардлагад тааруулан ярилцах, сонирхлыг нь өдөөхөд тохирсон арга барилуудыг эзэмшсэн байна.
Түүнчлэн гэр бүлийн аль нэг гишүүн нь Еховагийн итгэгч болсон тохиолдолд тухайн гэр бүлийн бусад хүнийг нэн тэргүүнд элсүүлэх, итгүүлэхийг оролддог байна. Энэ нь “Еховагийн гэрчүүдийн итгэгч хүн гэр бүлийн гишүүнээсээ илүү Ехова бурхан, шашны байгууллагаа илүү хайрлах ёстой, хэрэв гэр бүлийн гишүүн нь Ехова бурхныг шүтэхэд ноцтой саад болбол тусдаа амьдарч болно, гэр бүл ба Ехова бурхан хоёрын аль нэгийг сонгоход хүрвэл Ехова бурхныг эргэлзэлгүй сонгох нь зүйтэй” гэх мэт номлолоор илэрдэг байна. Иймээс гэр бүлийн аль нэг гишүүн нь энэ шашны итгэгч болсон бол тэр гэр бүл салж сарних эсвэл гэр бүлээрээ Еховагийн гэрчүүд болох сонголт тулгардаг байна. 
Еховагийн гэрчүүд шашны байгууллагын дээрх номлол нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиудад тусгагдсан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, шашин шүтэх эс шүтэх, үзэл бодол, боловсролоор үл ялгах, сурч боловсрох зэрэг иргэний эрх, түүнчлэн Үндсэн хууль болон бусад хуульд тусгагдсан нийгмийн үнэт зүйл, улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг утга санааг агуулж байна. 
Иймд энэхүү шашны урсгал манай улсад цаашид дэлгэрэхийн хэрээр нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, гэр бүлийн харилцаа, ёс суртахуун төдийгүй улмаар үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул холбогдох төрийн байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй.
Мөн иргэд бид ч гэсэн энэ шашны байгууллагын талаар мэдээлэлтэй байж нөлөөнд нь автахгүй байхыг хичээж сэрэмжтэй байх хэрэгтэй.