Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ны өдөр Энэтхэг улс Нью-Дэли хотноо эхэлж, гурван төрлөөр явагдаж байгаа билээ. Тус тэмцээнд Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Ким Кью өөрийн биеэр ирж оролцож байгаа бөгөөд ДБНХ-оос техникийн төлөөлөгчөөр олон улсын шүүгч Ким Ик Жонг томилогдон ажиллаж байгаа.

Хөвгүүдийн ХҮ, охидын ХII дахь удаагийн тус тэмцээнд Арабын Эмират, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 орны 112 хөвгүүн, 66 охид уран мэхээ уралдуулан өрсөлдөж байгаагаас тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 85, 100, охидын 38, 40 кг-ын жингүүдийн барилдаан болж манай гурван бөх зодоглосноос Т.Мөнгөншагай 85 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

Тэгвэл түүний түүчээг үргэлжлүүлж охидын 43 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн киргизийн бөхийг ялж хүрэл медалийн тавцанд, 52 кг-ын жинд Н.Анударь мөн л хүрэл медалийн болзол хангаад байгаа бол хөвгүүдийн 58 кг-ын жинд Т.Тулга ираны бөхтэй зодоглож илт илүүрхснээр азийн өсвөрийн аварга боллоо. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Дашрамд дурдахад Т.Тулга нь Ховд аймгийн Манхан суманд 1998 онд төрсөн бөгөөд 2009 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн, СХД-ийн 104-р сургуулийн сурагч юм.

Б.Хишигдэлгэр