УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй учраас Засгийн газарт буцаасан. Гэтэл үдээс хойшхи хуралдаанаар өөр асуудал хэлэлцэж байх явцад УИХ-ын дарга унасан саналыг дахин босгож ирж санал хураалт явуулснаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ- аар хэлэлцэхээр болоод байгаа юм.
 
Харин УИХ-ын дарга онцгой горим зохиож үдээс өмнө унаж, Засгийн газарт буцаасан саналыг ажлын цаг дуусахтай зэрэгцэн оруулж ирсэнд Ц.Нямдорж гишүүн ихээхэн бухимдалтай байна. Тиймээс энэ талаар ярилцлаа. 
 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцээд олонхийн дэмжлэг авалгүй Засгийн газарт буцаасан. Гэтэл үдээс хойшхи хуралдаанаар дахин оруулж ирээд дэмжлэг авсан байх юм. Ямар журмаар дахин оруулаад ирчихсэн юм бэ? 
 
 
-Ер нь энэ 73-ын засаг гарснаас хойш парламентын жинхэнэ ялзрал яваад байна л даа. Хяналтгүй, далд хуйвалдаан, ялзрал. Түүний оргил хэсэг нь л өчигдөр /баасан гаригт/ боллоо доо. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гэдэг чинь хөрөнгө хулгайлж, нуусан хүмүүсийн хөрөнгийг ил болгох, түүнд нь хариуцлага хүлээлгэхгүй байх тухай л асуудал юм шүү дээ.
 
Компанийн захирлууд, ердийн бизнес эрхэлж байгаа хүмүүс бол хөрөнгөө нуугаад байх шаардлагагүй. Энэ улс төрд шургалсан, хулгайн аргаар явдаг хүмүүсийн цаана л нуугдаж байдаг асуудал юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн анхны санал хураалтыг явуулж, санал буцахад би байсан юм.
 
Ер нь ямар нэгэн хуйвалдаан явах гээд байгаа нь тухайн өдөр надад мэдрэгдээд байсан юм. Хуйвалдах нь дээ гэж бодчихоод яаж луйвар явуулахыг нь харъя гээд хүлээгээд байсан л даа. Тэгээд чуулган руу ороход энэ хууль буцчихаар дүр зурагтай байхаар нь картаа буцааж хийж санал өгсөн. Тэр санал хураалтаар энэ хууль олонхийн дэмжлэг аваагүй юм.
 
Тиймээс УИХ-ын дарга “Хууль дэмжлэг авсангүй, Засгийн газарт буцаалаа” гэж үг хэлэхээр нь би өөр ажилтай байж байгаад Налайх явчихсан. Гэтэл эргээд ирэхэд шал өөр асуудлыг ярьж хэлэлцэж байгаад дундуур нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийнхаа унасан саналыг дахин босгож ирж санал хураачихсан байна.
 
Ингэснээр энэ хуулийг УИХ- аар хэлэлцэхээр болж байна л даа. Энэ бол нөгөө хулгай ил цагаандаа гарч байгаагийн шинж. Би парламентын танхимд 23 жил сууж байна. Ийм балиар хуйвалдаан, ёс жудаггүй явдал гарч байхыг үзсэнгүй. Олон олон муу юм гарч л байсан. Гэхдээ ийм цагаандаа гарсан хуулийн луйвар явахыг анх удаа үзлээ. 
 
-Энэ удаагийнх шиг нэг өдрийн чуулган дээр үдээс өмнө нь унасан саналыг үдээс хойш босгож ирж, дахин санал хурааж байсан тохиолдол ер нь гарч байсангүй гэж үү? 
 
 
-Ийм юм болж байгаагүй юм. Яг асуудал хэлэлцээд санал хураалт биш бол дахих тохиолдол гарч байсан л даа. Жишээ нь байхгүй гишүүний картыг хийчихсэн ч байдаг юм уу, эсвэл андуурсан гэх мэт тохиолдолд горимын санал гаргаад дахин санал хураалт явуулах тохиолдол байдаг.
 
Гэхдээ тухайн асуудлыг хэлэлцэж дуусаагүй байхад дээр дурдсан тохиолдлоор дахин санал хураалт явуулах тохиолдол бий. Харин өчигдрийнх /пүрэв гариг/ шиг санал хураалт явуулж дүнг нь хүлээн зөвшөөрөөд УИХ- ын дарга “Засгийн газарт буцаалаа” гэдгийг зарласны дараа шал өөр асуудлыг хэлэлцэж байхад дундуур нь унасан саналыг босгож ирсэн тохиолдол энэ 23 жилийн түүхэнд гараагүй юм. 
 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ингэж зүтгүүлээд байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна гэж та харж байна вэ?
 
 
-Мэдээж үүний цаана улстөрчдийн том ашиг сонирхол байж таарна. Өнөөх л хулгай, луйврын аргаар олж авсан хөрөнгийг ил болгох л асуудал байгаа юм. Тэр бүү хэл, энэ хууль чинь анх орж ирэхдээ хулгайн хөрөнгийг ил болгох юм бол түүнд холбогдолтой хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана гэсэн заалт хүртэл дотор нь явж байсан шүү дээ. Чи бод доо, хулгайлсан хөрөнгийг нь ил болгоод түүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хүртэл устгана гэсэн заалт байсан юм. 
 
-Уг нь энэ хуулийг эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед татварын дарамтад орсон аж ахуйн нэгжүүддээ нэг удаа хөнгөлөлт үзүүлэх хууль гэж ойлгоод байгаа. Гэтэл таны ярьж байгаагаар зориулалт нь өөр болж таарах нь ээ? 
 
 
-Ард түмэнд зориулсан хууль гэж бодож байгаа бол үгүй. Жирийн бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулж үүнийг хийж байна гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Улстөрчид л хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг байхгүй юу. Улстөрчдийнхөө хөрөнгө орлогын мэдүүлгийг устгах гэж л хууль оруулж ирсэн юм. Бодвол эд нар 2012 оноос хойш нэлээн юм зувчуулсан юм байлгүй дээ.
 
Тэгээд түүнийгээ ил болгох л гэж байна л даа, цаад гол санаа нь. Өчигдөр /пүрэв гариг/ тэр чуулган дээр яасныг нь хар л даа. Энэ хуулийг гаргахын төлөө үхэн хатан явж байгаа биз. Би ингэж улайм цайм үхэн хатан явж байгаа тохиолдлыг бараг хараагүй юм байна. Ер нь улстөрчид энэ хуулийг яагаад ингэж зүтгүүлээд байна гэвэл нэгдүгээрт, тэр хөрөнгө орлогын мэдүүлгийг устгах асуудал, хоёрдугаарт, одоо нэгэнт илэрхий болчихсон юмнуудыг тэр чигээр нь явуулна гэж байгаа.
 
Эрх бүхий байгууллага шалгасан асуудлыг энэ хуульд хамааруулахгүй гэж байгаа юм. Огт хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл баригдаагүй юмнууд ил гарвал тэр нь энэ хуульд хамаарна гэж байна шүү дээ. Нэг ёсондоо, энэ нь 2012 оноос хойшхи хулгайлагдсан хөрөнгө ил болсон тохиолдолд үүнийг өршөөнө, тэгээд гэм зэмгүй явуулна гэсэн үг. Ерөөсөө өөрсдөдөө л зориулж байгаа хууль. 
 
-Та баасан гаригийн чуулган дээр “Ер нь УИХ одоо хууль хэлэлцэх шаардлага байна уу” гэж хэлээд гарсан нь ч энэ асуудалтай холбоотой хэрэг үү? 
 
 
-Ийм л юм болоод байгаа учраас би чуулган дээр “Хуулиа зөрчдөг юм чинь одоо ер нь хууль хэлэлцээд яах юм бэ. Энэ УИХ-аа тараагаач дээ” гэж хэлчихээд гарч ирсэн юм. Үнэндээ ийм л зүйл болж байна. 73-ын засаг бий болсноос хойш сөрөг хүчний хяналтгүй болчихоод хатуу үгээр яривал эд зүгээр л “галзуурч” байна.
 
-Ер нь УИХ ажил тарах цагаар эсвэл чуулган завсарлах үеэр л чухал хуулиудаа батлаад байдаг жишиг тогтчихов уу даа? 
 
 
-Цагаан сарын битүүний өдөр Өрийн удирдлагын тухай хуулийн хоёр хэлэлцүүлгийг нэг өдөр хийж, өрийн таазыг нэмэгдүүлсэн. Тэр өдөр Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг хийсэн. Энэ хаврын чуулган эхлэх гэж байхад Тавантолгойн хэлэлцээрийг Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүй даваа гаригт нь гарын үсэг зурахаар бэлэн болгочихсон байлаа.
 
Ингэж гарын үсэг зурчихаад Их тэнгэрт 60 хүний хүлээн авалт хийхээр М.Энхсайхан зэхчихсэн байж. Түүний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оргож байгаа юм шиг гэнэт гадагшаа зугтаж алга болоод худлаа хэлсэн хүнд бараг айлын гал тогооны өрөөнд сууж байгаад Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө гээч юманд гарын үсэг зурчихаад ирсэн. Сая Гацууртын ордын асуудлыг Засгийн газар баасан гаригт УИХ-д өргөн мэдүүллээ. Гэтэл бараг өргөн мэдүүлж амжаагүй байхад буюу даваа гаригт нь байнгын хороодоор хэлэлцүүлж эхлэхийг оролдсон. 
 
Одоо ингээд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг маш илэрхий байдлаар олонхийн дэмжлэг авалгүй буцсан байхад босгоод ирж байгааг нь хар даа. Үүнийг л хулгай гэдэг юм л даа. Ийм л юм болж байна. Одоо бол энэ УИХ дээр юм яриад, зүй зохистой байдлаар, улс орны эрх ашгийн үүднээс хуулийн хүрээнд асуудлыг шийднэ гэхэд надад ямар ч итгэл алга.
 
Үнэхээр харамсалтай байна. Ерөнхийдөө энэ УИХ дээр нарийн яривал диктатур тогтчихлоо. Энэ УИХ-ыг удирдаж байгаа дарга нь хүсвэл тэр асуудал нь явдаг, энэ хүн хүсэхгүй бол юу ч явдаггүй. Хэрвээ энэ хүн хүсвэл уначихсан асуудлыг хэд хэдэн асуудал хэлэлцсэний дараа босгоод ирдэг.
 
Ийм диктатур тогтчихлоо шүү дээ. Энэ мэт хуйвалдаан цадигаа алдаж байна. Гурван сая ард түмнийг УИХ-ын гишүүд нь хараад сууж байхад хуулийг хулгайлж луйварддаг болж байна шүү дээ. Энэ төрд дээрэм тонуул цагаандаа гарч байна. Ингэж суухын оронд тарсан нь дээр дээ.
 
М.ӨНӨРЖАРГАЛ