Г.Дэнзэн өөрөөр нь өргөдлийг нь өгүүлдэг монгол маягийн шахалтаар ажлаасаа чөлөөлөгдөв. Энэ тухай хүргэн ах нь өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

АН-ын дарга Н.Алтанхуя­гийн хүргэн хүүгийн аж­лаас гарах шалтгаан нь тун энгийн бөгөөд товчхон юм байх. Гэхдээ л Г.Дэнзэнгийн энэ үйлдэл ямар үр дагавар авчрах бол гэдэг нь анхаарал татаж, хариулт нэхэж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н тен­дерийн 17 тэрбум төгрөгийг түүний хамтран амьдрагчтай холбож, улмаар Г.Дэнзэн, Н.Алтанхуяг нарыг тойрогтоо багтаадаг. Тэр ч бүү хэл, хүргэн хүүгийн ашиг сонирхлын зөрчил энд хөндөгдөж, өөрийн хүсэл­тээр өргөдлөө өгөхгүй байсан ч хууль хяналтынхны оролцоотойгоор асуудлыг шийдэж мэдэхээр нөхцөл байдал бий болоод байсан юм.

Г.Дэнзэнгийн хэлснээр 17 тэрбумын тендер түүнд битгий хэл хамтран амьдрагчид нь ч падлийгүй. Иймээс хуулийн байгууллагынханд хандаж, нэр төрөө сэргээлгэхээр болсон тухайгаа тунхагласан юм. Гэтэл тэр юуны учир ийм алхам хийв. Зоригтой, зорилготой мэдэгдэж байсан түүний мэдэгдлүүд хааччихав. Энэ л асуудлын гогцоо. Н.Алтанхуягийн хажуу бөөрөнд хачиг шиг наалдаж байж өнөөгийн өндөрлөгт хүрсэн Г.Дэнзэнгийн хувь заяа лав энэ хүрээд өндөрлөхгүй. Гэхдээ ардчилсан Ерөнхийлөгч “Г.Дэнзэнг явуул, наад нөхрөө боль гэж Н.Алтанхуягт хэлсэн” гэсэн ха­чир­халтай мэдэгдлийг телевизо­роор хийж байсан юм. Өөрөөр хэл­бэл, Н.Алтанхуягийн хүргэнийг эртхэн холдуул гэсэн анхааруулгыг ардчилсан Төрийн тэргүүн өгч байж.

Хожим гай тарина гэж мэдсэн учраас. Үнэндээ ч Г.Дэнзэнгийн үг, үйлдэл бүр АН-ыг хэтэрхий муухай харагдуулж, сонгуулийн сурталчилгаанд сөрөг үр дагавар авчрах болсон тул ийн нүд үзүүрлэсэн ч байж мэднэ. Г.Дэнзэн ч хэвлэлийнхэнтэй уулзахдаа энэ ту­хайгаа цухалзуулж байсан. Сонгуу­лийн сурталчилгаатай хутгал­даад бай­гаа учраас хурал хийж байгаа нь энэ гэж.

Гэхдээ Г.Дэнзэн ажлаа өгөөд л асуудал шийдэгдэх үү. Өнөөх 17 тэрбум төгрөг түүнтэй хамт сураг алдарна гэж үү. АТГ-аас ирүүлсэн албан бичгийг прокурорынхон хав харж, хавтас хэрэг үүсгэхээс татгалзсан ч шалгах шаардлагатай гэсэн үгийг Г.Дэнзэн үйлдлээрээ илэрхийлээд байна. Хэрэв үнэхээр Г.Дэнзэн болоод түүний хамтран амьдрагч 17 тэрбумын тендерт ямар ч хамааралгүй юм бол тэр мэдээллийг нийтэд дэлгэж, бусдын нэр хүндэд халдсан Н.Номтойбаярт хариуцлага тооцох учиртай юм биш үү. Түүнээс биш хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон этгээдүүд нь мултарч, учраа мэдэхгүй нөхдүүд ял аваад явах бололтой. Яг л МИАТ-ийн хэрэг шиг. Н.Алтанхуягийн хэлсэн үг, Г.Дэнзэнгийн хийсэн үйлдэл яг л энэ санааг илэрхийлээд байна. Бүр нарийн ухвал хүргэндээ ачааны хүндийг үүрүүлээд, хамаг хэргээ тохчихож байгаа юм биш үү. Өнгийгөөд харвал ийм үнэр ханхлаад байна.

Хүргэнээ хөөгөөд гаргалтай биш намын дарга болоод хүргэн ахын хувьд зөвлөгөө өгч, хэргээс мултрах боломжийн арга зааж өгсөн юм биш үү. Хүргэн ахыгаа ирээдүйгүй нэгэн хэмээн тодорхойлж, авга дүүг нь хэзээ ч салж мэдэх хамтран амьдрагч гэж нэрийдсэн тэр нөхрийг бусдаас далдлах буман шалтгаан Н.Алтанхуягт бий. Уг нь шударга ажиллаж байгаагаа олонд хэлж, мөнгө хүүлэгчдийг хөөснөө зарласан юмсан, тэр. Харамсалтай нь, АН-ыг муухай харагдуулж, 17 тэрбумын тендерийн хэргийг дэврээгээд байгаа учраас шахалтад оруулахаас өөр шалтаг, шалтгаан олдоогүй биз.

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн болоод хамтран амьдрагчтай нь холбогдох Н.Номтойбаяр гишүүний олонд дэлгэсэн зарим   баримтын та­лаар энд  товчхон  дурьдвал,   ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн ТУЗ-ийн даргын хамтран амьдрагч Г.Уянга нь “Говь Повер”-ийг нэг сая төгрөгөөр худалдан авч, хэдхэн хоногийн дараа 17 тэрбумын тендерт ялалт байгуулсан байдаг. 28-хан настай энэ бүсгүйг ийм хэмжээний амжилт гаргахад нь нагац ах нь, хамтран амьдрагч   нь  тусалсан гэж ах намынхан үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь Тавантолгойн тендерт ялалт байгуулсан “Говь повер” компанийн захирал Д.Гэрэлхүүгийн Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх  газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн төрсөн дүү   Н.Наранцэцэгийн  охин   юм.  Уг нь   “Эрдэнэс  Тавантолгой”  компанийн шинэ захирал Тавантолгойн уурхай дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсээ гаргая гэхэд Гаалиас хүлээн зөвшөөрөөгүй гэлцдэг. Гэтэл дунд нь “Говь повер” компани гарч ирж энэ ажлыг хийхээр тендерт шалгарсан нь төрийн компаниудыг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлж, дундаас нь хөрөнгө завшихад хүргэсэн гэж хардахад хүргэжээ. Иймээс энэ хэрэгт “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг ч шалгах нь зүйтэй гэж сөрөг хүчнийхэн тодотгож байсан удаатай. Мөн эл хэрэгт Иргэний бүртгэлийнхнийг хүртэл шалгах шаардлагатай болдог.

Энэ олон хүнийг хөлдөө чирж, асуудал үүсгэсэн 17 тэрбумын хэргийг Г.Дэнзэн үүрээд явах нь бололтой. Түүнтэй хамт алдарт 17 тэрбум ч сураг алдарч, ах дүүсийн барилдлага ч намжих юм байх.

“NT” © Г.ХИШИГСҮРЭН