6-р сарын 18-ны өдөр. Энэ өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр төр Гацууртын ордын 34 хувийг ашигт малтмал ашигласны тусгай төлбөр хэлбэрээр эзэмшинэ гэж тусгасан байлаа. Ийнхүү  хоёрдахь удаагаа оруулж ирсэн ч парламентаар батлагдаж чадалгүй бүдрэв. 
 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,  Х.Болорчулуун, Г.Уянга, Д.Тэрбишдагва  зэрэг гишүүд эсэргүүцэж, Ноён уулыг хөндөх шаардлагагүй гэж үзэж байгаа илэрхийлж байв. Харин Засгийн газраас Гацууртын ордын үйл ажиллагааны явцад Ноён уулан дахь булш бунхан хөндөгдөхгүй,  цаашдаа Ноён уулан дахь түүх, дурсгалын үнэт өвийг тусгай хамгаалалтад  удахгүй авна гэж тайлбар хийж байлаа.  Төрийн эзэмших хувийг нэмж, зүсийг нь  бага зэрэг өөрчлөөд, Ноён -Уулыг тусгай хамгаалтанд авна гэж аргалах гэсэн боловч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Санал хураалт явуулахад Гацууртын  ордыг ашиглахыг дэмжихгүй унагалаа. "Засгийн газрын 10 гишүүн хуралдаа орж ирж санал өгөөгүй, багцалж орж ирж чадаагүй, хохь нь " хэмээн УИХ-ын дарга З.Энхболд уурсаж байлаа  . Тухайлбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат л гэхэд Ноён-Уулаа ухуулахыг дэмжихгүй гэдгээ твиттерээр илэрхийлчихсэн. Тийм болохоор энэ асуудалд Ч.Сайханбилэгийн танхимын гишүүд нэгдмэл саналтай байгаагүй  ч байж мэднэ. 

Харин өчигдөр Ноён-Уулаа аварч чадлаа хэмээн иргэний хөдөлгөөнийхөн, тэмцэгчид баярын жагсаал хийлээ. Тэд Гацууртын ордыг ашиглахыг дэмжээгүй гишүүдэд талархал илэрхийлж зургийг нааж, лоозон бэлдсэн байв. Харин  дэмжих санал өгсөн гишүүдийг урвагч, бөгс долоогчид, Монголоос тонил  хэмээжээ.