Өнгөрсөн 6-р сарын 10-нд Их засагчууд 2012-2013 оны хичээлийн жилийнхээ “Шилдэг оюутан-2” төслийнхөө хаалтын ажиллагааг МҮЭСТО-нд нүсэр хийж ялагчдаа тодруулж шилдэг оюутнууддаа гадаадад сургах тэтгэлгийг нь гардуулж, эрдэм номын их аяных нь дөрөөнд сүүн мялаалга өргөлөө. Энэхүү төсөл нь сүүлийн үед моодонд ороод байгаа худалдаж авдаг,  хусаж хождог сугалаанаас шал өөр юм. Тэд Их засагийг сонгосных нь төлөө, энэхүү төсөлд өөрийгөө дайчлаж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж оролцсоных нь төлөө шагнаж урамшуулж байгаа нь үнэхээр бахархмаар. Монголын олон арван их дээд сургуулиуд оюутандаа юу зориулж чадаж байна, оюутнаасаа юу харамлахгүй өгч чадаж байгаа билээ, Их засгийнхан оюутандаа өгдөг, оюутнаа хайрладаг сургууль юм билээ. Шилдэг оюутан шоу нь нөгөө дуучдыг шалгаруулдаг, жүжигчдийг төрүүлдэг тэмцээнүүдээс зорилго,  агуулгын хувьд тэс өөр юм. Тиймдээ ч өнгө гэрэл алагласан биш энгийн хэрнээ даруухан.

Гэхдээ шагналын сангийн хувьд ямар ч шоутай харьцуулшгүй их юм аа. Бодоод үзэхэд 15 оюутныг гадаадын их дээд сургуульд  100%  үнэ төлбөргүй сургана гэдэг мөнгөөр хэмжигдэж болох ч мөнгөнөөс үнэ цэнэтэй боловсрол гэх зүйлсийг оюутнуудад бэлэглэж байгаа нь гайхалтай. Энэ тэмцээнд оролцсон оюутнууд өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлсийг бүтээж, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, нийгмийн өмнө хариуцлага хүлээх гээд үр өгөөжтэй олон сургалт дамжаа, уралдаан тэмцээн, аянд хамрагддаг юм байна. Ингээд “Super student-2” шоуны ялагчдыг танилцуулж байна.

Тэргүүн байранд Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн хөгжимчин мэргэжлээр төгссөн одоо Монголын Рояал академи, Рояал олон улсын дээд сургуулийн Бизнесийн удирдлагын 2-р дамжаанд суралцдаг  А.Ундармаа орж  – Америкийн нэгдсэн улсын , Колорадо Хайт сургуульд 100% -н сургалтын төлбөр болон амьдрах байрны тэтгэлэгээр шагнуулж  эрх чөлөөний өлгий нутаг руу  явахаар боллоо. Шилдэг 10-т шалгарсан бүх оюутнууд 100 хувийн тэтгэлэг авч байгаа бөгөөд Чингис-Соосэ сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Э.Ихбаяр, Хууль зүйн сургуулийн оюутан Д.Айсауле нар Арлын Японы, Акитагийн их сургуульд  Эдийн засгийн сургуулийн Б.Энхтөгс,  Аялал жуулчлалын сургуулийн Ж.Цэдэн-Очир нар Солонгос улсын Канвоны үндэсний их сургууль, Эдийн засгийн сургуулийн Д.Пүрэвмаа, Рояал академийн Х.Ариунтунгалаг нар Солонгосын Алс дорнодын их сургуульд тус тус явахаар болсон бөгөөд Мөн Солонгосын Нам Сөүл, Тонгёоны их сургууль, Кипр улсын Касагийн их сургуулиудад шилдэг оюутнууд 100%-н тэтгэлэгтэй явахаар болж, оюутнуудын магнай тэнийгээд байна.