Би  нөхөртэйгээ хамт амьдараад  жил болж байна. Манай хүн эхнэр, хүүхдээсээ салаад л шууд надтай хамт амьдарсан юм. Одоо хүүхдээ санадаг бололтой  нэг л уцаартай,  хүүхэд харахаараа  эрхлүүлээд  байдаг болсон.  Надаас хүүхэд нэхэх боллоо.  Би бүүр эхнээс нь бичсэн нь дээр байх.  

Би нөхрөөсөө салаад одоо  таван жил болж байгаа юм. Тухайн үедээ сэтгэлээр унаад  Орост 3 сар хэл сурангаа  бүхнийг мартаад буцахдаа вагонд 5 хоног явахдаа одоогийнхоо  нөхөртэй танилцаж байсан. Нэг купенд байсан болохоор хэн хэнийгээ таньж мэдэхэд нэг их асуудал байгаагүй.  Хэн  хэндээ таалагдаад өнгөрсөн болохоор ирчихээд хааяа  уулзалддаг гэхдээ иймээ тиймээ юм байдаггүй байсан. Эхнэртэйгээ муудахаараа надтай уулздаг, би тайвшруулж,  буруу ч байсан уучлалт гуйгаад оч гэж аргаддаг тийм  л харьцаатай байсан.  

Манай хүн гурван жилийн өмнөөс эхнэртэйгээ хамт ч юм шиг тусдаа ч юм шиг байдаг болсон. Тэр бүрт нь би эхнэрийнх нь талд орж өмөөрдөг байсан. Битгий салаасай гэсэндээ л зөвлөж байсан ухаантай.  Тэгсэн ч манайхүн салаад тусдаа байх болсон. Тусдаа байдаг болсноос нь эхлээд бид  найзын харьцаагаа  амрагийн харьцаа болгож өөрчилсөн.

Тэгэхдээ ил гаргадаггүй байсан. Хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулздаг, эргээд нийлэх магадлалтай байсан болохоор нуусан хэрэг л дээ.  

Жилийн өмнөөс цуг  амьдрах болсон. Манай хүн намайг бодоод хүүхэдтэйгээ уулзах  тоогоо багасгаад байгаа юм.  Би болохоор очоод уулз гэдэг ч уулздаггүй.  Би юм бодохгүй ээ очоод уулз гэсэн ч уулзахгүй байна. хүүхдээ санаад хэцүү, дотроо шаналж байгааг нь мэдээд байхад уулзахгүй юм. Ядаж  хүүхэдтэйгээ уулзаг гэж бодоод хөдөө явлаа гээд гурав хоног аав ээжийнх рүү явсан ч  уулзаагүй байна лээ.  

Би өөрийгөө бодоод  ганцаараа жаргалтай амьдраад жирэмсэн болж болно л доо. Гэхдээ ядаж тэр хүний өмнөх амьдралыг, хүүхдийг нь үгүйсгэмээргүй байна. Нөхөр хүүхэд харахаараа эрхлүүлээд, надаас хүүхэд нэхэх боллоо. Хүн анхны эхнэр хүүхдээ сонгодог болохоор эхнэр рүүгээ явчих болов уу гэж айгаад жирэмснээс хамгаалдаг. Манай хүнд ямар ч сул  тал, муу муухай зуршил байдаггүй. Намайг яг л байгаагаар минь хайрлаж, халамжилж, эрхлүүлдэг. Хүүхэд төрүүлэх үү? Эхнэр хүүхэд рүүгээ явчихвал яах бол?  Би энэ айдсаа нөхөртөө хэлдэггүй л дээ... Хүүхэдтэй болье гэхэд нь 2уулаа чиний боломжтой үед эмнэлэг орж шинжилгээ өгөөд  биеэ бэлдэж байгаад  жирэмсэлье л гэдэг.  

Гэхдээ хүүхдээ санаж байгаа хүнд хүүхэд гаргаж өгөх нь зөв үү?