Энэ жилийн аймгийн наадмуудад хэн гэдэг хүчтэнүүд түрүүлж, үзүүрлэснийг сонирхуулъя. Баянхонгор аймгийн баяр наадамд 256 бөх барилдсанаас Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүлж хурц чимэг нэмжээ. Харин Соёмбо спорт хороо, Хууль сахиулахын их сургуулийн бөх сумын заан Д.Уртнаст үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна.

Булган аймгийн наадам долдугаар сарын 9, 10-нд болж өнгөрсөн. Тус наадамд Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн арслан Ө.Сүхбат найм даван түрүүлж хурц арслан цол хүртсэн бол Орхон сумын харьяат сумын шилдэг заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Увс аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж Тэс сумын харьяат аймгийн харцага Ц.Мөнхбаяр түрүүлсэн байна. Харин сумын заан О.Түмэн үзүүрлэж аймгийн заан болсон аж.

Өнөө жилийн улсын наадамд Хэнтий аймгийн бөх өнгөлсөн бол Хэнтий аймгийн баяр наадамд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Бямбацогт түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Тус наадамд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат энэ жил улсын начин цол хүртсэн Э.Даш үзүүрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн наадамд Дэлүүн сумын харьяат аймгийн заан Нурланы Мустафа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харьяат Бередемуратын Серик үзүүрлэж чимэг нэмжээ. Харин Дорноговь аймгийн наадамд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэж цолоо баталсан аж.

Говьсүмбэр аймгийн наадамд улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, улсын харцага М.Алтансүх зэрэг олон хүчтэн өрсөлджээ. Тэднээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат аймгийн заан Б.Одсүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Т.Пунцагдорж үзүүрлэж аймгийн заан цолтой болжээ. Төв аймгийн баярын хүчин бөхийн барилдаад Алтанбулаг сумын харьяат П.Эрхэмжаргал түрүүлж шууд арслан цолонд хүрсэн байна. Энэ наадамд тус аймгийн Батсүмбэр сумын харьяат Б.Жавхлансайхан үзүүрлэжээ.

Өвөрхангай аймгийн наадам нэлээд шуугиантай болсон аж. Учир нь уг наадамд Нарийнтээл сумын харьяат өдгөө арван долоон настай улсын залуу шонхор Б.Лхагвадорж түрүүлж Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу аймгийн арслан болжээ. Тус наадамд аймгийн манлай харцага Хархорин сумын харьяат О.Бундхорол үзүүрлэж заан цолтон болсон байна.

Сүхбаатар аймаг наадмаа хаалттай хийжээ. Тэдний наадамд Мөнххаан сумын харьяат аймгийн заан М.Баасанбат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн аж. Харин өнгөрсөн жилийн аймгийн түрүү бөх болох Б.Номиндалай үзүүрлэж чимэг нэмжээ. Сэлэнгийн наадамд тус аймгийн Мандал сумын харьяат аймгийн начин Н.Баярбаатар түрүүлж аймгийн арслан цол хүрсэн бол аймгийн заан Э.Саранбаатар гурав дахь удаагаа үзүүрлэсэн байна.

Архангайн наадамд аймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж арслан цол хүртэж, аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэжээ. Тэгвэл Говь-Алтайн наадамд аймгийн начин Т.Сайханжаргал түрүүлж арслан цол хүртэн аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэсэн аж. Тэгвэл Дархан-Уул аймгийн наадамд аймгийн начин Х.Гантулга түрүүлж арслан цол хүртэж аймгийн арслан А.Амараа үзүүрлэсэн байна.

Ховдын наадамд тус аймгийн харьяат аймгийн заан Д.Бадамгарав түрүүлж арслан цолтон болсон бол аймгийн харцага Ш.Мөнх-Од үзүүрлэж заан цолтой болжээ. Хөвсгөл аймгийн хувьд аймгийн заан Б.Даваа-Очир түрүүлж арслан цол хүртсэн бол сумын заан н.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан болсон аж.

Завханы наадамд аймгийн начин П.Батсүх түрүүлж, аймгийн харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж тус тус цолоо ахиулжээ. Орхон-Уул аймгийн наадамд Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Б.Ганхуяг түрүүлж хурц чимэг нэмсэн бол аймгийн заан Э.Нямаа үзүүрлэсэн байна. Дорнод аймгийн хувьд аймгийн начин Г.Төрмөнх түрүүлж арслан цолтон болсон бол сумын заан Г.Чинзориг үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Энэ жилийн аймгийн наадмуудын хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийг танилцуулахад ийм байна.