ОХУ-ын Тюмень хотноо бямба гаригт эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. 63 кг-д барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгч бөхчүүдээ ялсаар финалд шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэллээ.

Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүчод оролцож буй. Ням гаригт үлдсэн жингийн барилдаан болж, тэмцээн өндөрлөх юм.

Нийт 55 орны 328 жүдоч (эрэгтэй-185, эмэгтэй-143) оролцож буй уг тэмцээний жин тус бүрийн шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 21.00-с явагдаж байна.

Тэмцээний эхний өдөр Япон улс гурван алтан медаль хүртсэн бол ОХУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль, Монгол 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдлээ. 14 орон ямар нэгэн медаль хүртээд байна.