Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь өнөөдөр Монгол улсаа дэлхий дахинд сурталчлахаар зориг шулуудан ажил хэргээ өрнүүлэн явж буй “Хүннү” Экспедицийн хамт олныг хүлээн авч уулзлаа. Олон зуун жилийн гадаад харилцааны түүхтэй Монгол улсын дипломат албыг олон үеэрээ түүчээлэн яваа дэд сайдын хувьд тус аялал эцэг өвгөдийн түүхийг сэргээн санасан, өв уламжлалаа батлан харуулах боломжийг нээсэн түүхэн уулзалт болов.

Энэхүү уулзалтын үеэр аялалтай холбоотой олон санал зөвлөмжийг дэд сайдын зүгээс өгсөн ба визний асуудал, гадаадад Монгол орноо төлөөлөн суугаа элчин сайдын яамдууд, холбогдох дипломат албаны төлөөлөгчдийн газруудад аялалтай холбоотой мэдээлэл өгөн яамны зүгээс шаардагдах бүхий л зүйлс дээр бүх талаар онцгой анхаарч дэмжин, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь, “Санаа зөв бол бодол зөв болдог, бодол нь зөв хүмүүсийн үйлдэл зөв байдаг. Тиймээс та бүхний аяллын санаа зөв учир гарах үр дүн сайн сайхан байх болно гэдэгт итгэж байна” хэмээн амжилт хүсэв.