Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөөд зээлэнд хамрагдах боломжийг иргэдэд олгохоор засгийн газрын түвшинд ажиллаж байгаа.

Наадмын өмнөх засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох, хугацааг 30 жил болгох зэрэг асуудлыг шийдэж,  80 м.кв-аас дээш талбай бүхий орон сууцыг Ипотекийн зээлэнд оруулах асуудлыг ирэх аравдугаар сард эцэслэн шийдэхээр болсон. 

Өөрөөр хэлбэл,   байрны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохтой холбогдуулан Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамдын хамтран боловсруулж буй нарийвчилсан журам эцэслэгдэн боловсруулагдаагүй байгаа гэсэн үг юм.

Ерөнхий шийдвэрүүд нь гарсан хэдий ч зээлийг хэрхэн олгох журам боловсруулагдаж, засгийн газрын хуралдаанаар батлагдсан хойно арилжааны банкууд 10 хувийн урьдчилгаанд үндэслэн иргэдэд зээл олгож эхэлнэ.

Наадмын өмнө Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Долдугаар сард багтаж,  гурван яамны хамтран боловсруулж буй зээлийн журмыг эцэслэн батална. Иргэд энэ сарын сүүлээр зээлэндээ хамрагдах боломжтой болно” хэмээн мэдэгдэж байсан.

Гэсэн ч  засгийн газрын хуралдаанаар өнөөг хүртэл зээлийн журмыг хэлэлцээгүй байна. Түүнчлэн наадмын өмнөх хуралдаанаар 80 м.кв-аас дээш талбай бүхий орон сууцыг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлэнд оруулах асуудлыг ирэх аравдугаар сардаа багтааж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан. Энэ нь  зээлийн журам аравдугаар хүртэл хойшилж магадгүйг харуулж буй юм.

Иргэдийн дунд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хүлээлт үүсгээд буй уг асуудал ийнхүү дахин тодорхойгүй хугацаанд зарцаж, засгийн сэлгээг хүлээж мэдэхээр байна.

Арилжааны банкууд долдугаар сар гарснаас хойш  10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд зээлэнд хамрагдах хүсэлтэй иргэдийн хөлд дарагдаж буйгаа уламжилж байна. Харин Монголбанкны зүгээс засгийн газар зээлийн журмыг эцэслэн батлахыг  хүлээж буйгаа онцоллоо.

Ж.Мядагбадам