Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмаас медаль хүртсэн баг тамирчдыг ЭМСЯаман дээр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Дэлхийн оюутны спортын 28-р Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдад наадмын зохин байгуулах хорооноос олгосон дипломыг албан ёсоор гардуулсан юм.
Г.Шийлэгдамба өөрийн биеэр энэхүү наадмын нээлтийн ажиллагаанд оролцон, Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилт, байт харваа, жүдо бөх, сагсан бөмбөгийн тэмцээнүүдээр орж багш дасгалжуулагч нартаа уулзан, тамирчидаа дэмжин ажилласан юм.
ЭМСЯ-наас Универсиадад оролцох баг тамирчдад 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Үүнээс 47,1 сая нь төгрөгийг тамирчдын замын зардал,30 сая төгрөгийг баг тамирчдын нэгдсэн хувцсанд, 2,9 сая төгрөгийг зарим зохион байгуулагч нарын хоол, байр, мандатын зардалд зарцуулагдсан байна.
 

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн зарим тамирчид ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төвөөс зардлаа гаргуулан явсан бол “МИАТ” ХК-ийн зүгээс Универсиадад оролцсон нийт тамирчдын тээврийн зардлын 25 хувийн хөнгөлөлт үзүүлэн, суудлыг хангалттай гарган өгч ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Универсиадад оролцсон Монголын төлөөлөгчдийн ахлагч, доктор Д.Жаргалсайхан наадмын ажлын тайлангаа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад гардуулах үеэрээ баг тамирчидаа төлөөлөн уламжиллаа.


Мөн Универсиадын наадамд оролцсон нийт баг тамирчидаа төлөөлөн Монгол улсын Засгийн газар, ЭМСЯам, БСШУЯам, МОХ, МЗХ, ИДС-ийн удирдлага, ректор захиралууд болон хамтран ажилласан спортын холбоо, клуб байгууллагуудад спортын өндөр амжилт гаргахад чин сэтгэлийн гүн туслалцаа үзүүлсэн талархалаа илэрхийлсэн юм.