Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Р.Цолмонгийнх төөрсөн илийг /Бугын төл/ дасгаж, өсгөж байгаа талаарх мэдээлэл  “Жаргалант Байдраг гол бидний нутаг” фэйсбүүк хуудаснаа нийтлэгджээ. Сар гаруйн өмнөөс тэд илийг олж, тэжээж эхэлсэн гэнэ.

 


 

Малчин Р.Цолмонгийн гэргийг О.Байгалмаа гэдэг. Түүнээс илий огт салахгүй хаа явсан газарт байнга дагадаг байна. Өөрийг нь үргэлж дагадаг бяцхан амьтнаа саалиндаа гарахдаа ногтолж уяад гэртээ  үлдээдэг аж.

 

 

Сайхан сэтгэлт малчин айлын нэг гишүүн болж торниж буй энэ амьтан туйлын “ховдог” гэнэ шүү.  Өдөрт дөрвөн удаа сүү уух бөгөөд нэг удаа хооллохдоо нэг литр сүү уудаг байна. Араатан амьтан, байгалийн хатуу ширүүн уур амьсгалаас  сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар аврагдаж чадсан өнчин амьтан удахгүй өсч томроод өтгөн ойгоо зорих биз ээ.