Энэ сарын 03-ны өдрийн 20:51 цагийн үед нийслэлийн Хан-Уул дүүргийн  хоёрдугаар хороо, “Буянт-Ухаа-1” хорооллын орчим, авто замд зуурмагийн автомашин,  суудлын хоёр  автомашин дээр унаж, хүн хавчуулагдсан хэрэг гарчээ. Зуурмагийн автомашин онхолдохдоо зэргэлдээ зорчиж явсан “Chevrolet”, “Honda Civic” загварын суудлын автомашинууд дээр унасан байна. Зуурмагийн машины жолооч иргэн Б /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврагч нар гарган авч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүргэжээ. Зуурмагийн автомашины шатахуун асгарч байсан учраас  Гал унтраах, аврах 30 дугаар ангид дуудлага өгч, тусламж авсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны авто замд зам тээврийн осол гарч, жолооч нь машиндаа хавчуулагдсан хэрэг өчигдөр үдэш 22:57 цагт гарчээ. “Hyundai Grace” загварын автомашин, “Hyundai porter” загварын ачааны автомашины араас нь мөргөж, “Hyundai Grace” загварын автомашин дотор зорчиж явсан иргэн Д /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган, жолооч Х /40 настай, эрэгтэй/, зорчигч Г /39 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.