Азербайжаны Габала хотноо зохион байгуулж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж "РИО-2016" олимпын эрхээ авлаа. 

Тэрбээр энэ өдөр болсон тус дасгалд нийт 85 тамирчин цэц мэргээ сорин буудсанаас 584 оноогоор финалд шалгарч улмаар хагас финалд 13 оноо авсан амжилтаараа шилдэг зургаад багтаж хоёр дахь олимпын наадамдаа оролцохоор болов. 

Манай буудлагын тамирчдаас олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа нарын дараа ийнхүү гурав дахь эрхээ авсан тамирчнаар тодорлоо.