23 жилийн өмнө ардчиллыг дэмжин өлсгөлөн зарлаж асан Хөвсгөл өнөөдөр Монголын хамгийн олон хүн амтай, хөгжиж буй аймгийн нэг болжээ. Ардчилсан сонгуулийн өнгөрсөн жилүүдэд “цэнхэр” хэмээн нэрлэгдэж, нутгаасаа төрсөн алдартнуудын нэг, гавьяат хуульч Б.Чимид агсныг Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн хэн ч танихгүй нэгнээр сольж, өөрсдийгөө төлөөлүүлэхээр парламентад илгээж байв. Тухайн үедээ ардчилсан гэсэн хаягтай бүхнийг хөвсгөлчүүд ийнхүү дэмжиж, итгэл хүлээлгэж байлаа. Харин одоо энд, хоймор нутагт байдал өөр болжээ. Ганцхан жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулиар л гэхэд тэд МАН болон энэ намаас угшилтай нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн байдаг. Харин одоо хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ямар байх нь улс төр ажиглагчдын хувьд тун сонирхолтой таавар болов.

huvsgul-2

Тариалан суманд болсон иргэдийн уулзалтад зэргэлдээх Эрдэнэбулган, Рашаант, Их-Уул сумын олон хүн оролцохоор иржээ. Тариалангийнхан “Хүчирхэг Монголын төлөө хүчтэнээ дэмжинэ. Хөвсгөлөө хөгжүүлэхийн төлөө хүргэнээ дэмжье” гэсэн нутгийн шинжтэй уриа, лоозон барьжээ. Харин Рашаантынхан “Yamaha” мотоциклио намынхаа туг далбаагаар чимэн намируулсан нь сумын төвийн энэ жижигхэн талбайд наадам болж байна уу гэлтэй. Төв талбайн цэцэрлэг дэх сандалд аминчхан яриа өрнүүлэх гурван эмэгтэй дээрх сумдын төлөөлөл бололтой. Нэр дэвшигчийн уулзалтад ирсэн болоод ч тэрүү, сонгуулийн талаар ярилцах аж. “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Эрдэнэтэд 13 хар жийптэй, тусгай харуул хамгаалалттай ирж, хүндэт харуулын цэргүүд жагсаан угтсан гэнэ лээ. Харин энэ Б.Бат-Эрдэнэ харин тэгсэнгүй. Чи сонссон уу, АН-ын халаа сэлгээ Эг-Үүрт айхтар байгаа юм гэнэ. Сумын сургуулийн захирал гээд нэг сүрхий ажилтай, яриа хөөрөөтэй хүү байсан даа. Тэрийг чинь халчихсан гэж байна шүү дээ. Оронд нь АН-ын л нэг хүн болсон гэнэ. Энэ ардчиллынхан дангаараа эрх барьж байгаа болохоор арай л дэндүү байна даа. Ядаж Ерөнхийлөгч нь өөр намынх бол ингэж чадахгүй болно доо” хэмээн ярих аж. Тэд багш нар бололтой юм. Ганц Хөвсгөл төдийгүй Эрдэнэтэд болж байгаа халаа сэлгээг хүртэл тэд сонсжээ. МАН-ын гишүүд гудамжинд гарч, АН-ынхан ажилтай болж байгаа талаар хүү нь ярьсан гэнэ. Энэ мэтчилэн хаа сайгүй өрнөж буй АН-ынхны улстөржсөн халаа, сэлгээ Хотгойдын цөс ихт омголон үр садын цусыг хөөргөж эхэлсэн бололтой юм.

huvsgul-3

Ганц Тариалан сумынхан ч биш аймгийн төв Мөрөнд ч мөн ардчиллыг биш, ард түмэнд ээлтэй намыг дэмжих болжээ. Мөрөн сум 40 мянган хүн амтай. Үүнээс 20 орчим мянга нь сонгуулийн насных аж. Төв суурин газрын хувьд энд зах зээл сайн хөгжсөн. Хүнс барааны том захаас гадна нийслэлд хөлхөлддөг бүх марк төрлийн автомашиныг Мөрөнгийнхөн унадаг. Амьжиргааны төвшин харьцангүй сайн аж. Тиймдээ ч сонгогчид нь ходоодоороо саналаа худалддаг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Одоогоос яг нэг жилийн өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН аймгийн ИТХ-д олонхи болсон ч орон нутгийн эрхийн дагуу Засаг даргаа томилох эрхгүйгээр үүрэг гүйцэтгэгчтэй байгаа. Хөвсгөлийнхний сонгосон Засаг дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягийн таалалд нийцэхгүй байгаагаас өнөөдрийг хүртэл засаггүй үлдээсэн цөөхөн аймгийн нэг. Энэ нь тархиараа сэтгэдэг хөвсгөлчүүдийн сонголтод нэгийг бодуулж хоёрыг сануулж буй биз.

huvsgul-4

“Мөрөн” нисэх онгоцны буудлаас эхлээд аймгийн төв Чингүнжавын талбай хүртэлх төв зам дагуу олон хүн эгнэн зогсчээ. Уриа лоозон барьсан тэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжигчид. Цаашлах тусам иргэдийн энэ цуваа жирийн иргэдээр үргэлжлэх нь үнэхээр сонирхол татсан. “Майн-1”-ыг аргагүй санагдуулам. Гишүүн дэмжигч, жирийн иргэдийг ялгахад түвэггүй аж. Дэмжигчид нь андашгүй ижил малгай футболкоор гоёсон байх аж. Хүүгээ тэвэрсэн нэг эмэгтэй аваргын барааг харж, гар барих гэж зорин ирж, хоёр ч удаа гар барьж хүүгээ үнсүүллээ хэмээн найз бүсгүйдээ бахархалтайгаар ярих нь сонин. Олон сонгуулийн сурталчилгаанд явж байлаа. Харин энэ удаагийнх шиг ард түмэн, сонгогчид үнэн сэтгэлээсээ нэр дэвшигчийг бүчин дэмжиж байсныг санахгүй юм. Гайхаж эргэлзсэндээ тэнд ирсэн хэд хэдэн хүнээс “Та нар Б.Бат-Эрдэнийг аваргын хувьд дэмжиж ирсэн үү, нэр дэвшигчийнх нь хувьд дэмжиж цугларав уу” гэж асуув. “Аварга, нэр дэвшигч гэдэг чинь миний хувьд ялгаагүй. Бид аваргыг анх удаа биечлэн харж, гар барьсандаа их бэлгэшээж байна. Ард түмний наадамд 12 удаа түрүүлж, ард түмний сонголтоор 12 жил парламентад сонгогдоно гэдэг хийморьтой аавын хүүгийн хүрч чадах өндөрлөг. Тийм болохоор бид аваргаа нэр дэвшигчийнх нь хувьд ч дэмжинэ” гэцгээв.

huvsgul-5

23 жилийн өмнө яг энэ талбайд өлсгөлөн зарлаж байлаа. Тэр үед ч үүн шиг олон хүн цугларч байгаагүй хэмээн Цагаан-Үүр сумаас ирсэн эмэгтэй хэлсэн. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эхнэр Б.Болормаа Цагаан-Үүр сумынх. Хоймор нутгийнхны бахархал болсон үндэсний бөхийн гурван их аваргаас гадна хурц арслан Бадамсэрээжид гэдэг алдарт бөхөөрөө нутгийнхан одоо ч бахархдаг. Тиймдээ хүргэн хүүгээ ийнхүү хүндэтгэн угтсан биз ээ. Ардчиллын өнгөрсөн 23 жилийн хугацаанд цэнхэр хөвсгөлчүүд ягаарсаар байгаа. Энэ нь ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар баталгаажиж мэдэхээр байна. Ямартай ч хүсэн хүлээсэн аваргатайгаа гар барьж, зөв энергиэ солилцсон хоймор нутгийнхан хүргэн хүүгээ дэмжиж байна. Хүргэн хүү хүчтэй гэдэг дээ.

huvsgul-6
Д.Оюун-Эрдэнэ