Өнгөрсөн сард Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 19 компани шинээр бүртгэгдсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ  . Он гарсаар 150 орчим гадаадын хөрөнгө оруулалттай компани улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Үүнтэй зэрэгцээд Монголын банкны холбоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээнд дүн шинжилгээ хийснээ танилцууллаа. Тэд Монгол улсад хөрөнгө оруулах нөхцөл муу байна гэж дүгнэсэн байна. Учир нь орлогын хөрөнгө оруулалт хасах дүнтэй, гадаад шууд хөрөнгө оруулалтын бууралт үргэлжилсээр байгааг онцолжээ. Оны эхнээс өссөн дүнгээр нэгдүгээр хагас жилийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 22.6 сая ам.доллар, жилээр нь авч үзвэл 18.5 сая ам.доллараар буурсан байна. Эхний улиралд гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч байсан ч Оюутолгойн гэрээ хийгдсэнтэй холбоотойгоор хоёрдугаар улиралд 86.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн юм.
 
2012 оны гуравдугаар улирал хүртэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулж, ашгийн дүнгээсээ дахин хөрөнгө оруулалт хийж байсан бол түүнээс хойш ашгаа татаж байгааг Монголын банкны холбооны мэдээлэлд дурдсан байна. Гэхдээ сүүлийн 32 сар дараалан гадаадын хөрөнгө оруулагчид ашгаа татаж, орлогын дахин хөрөнгө оруулалт хасахтай гарч байсан бол 6-р сараас үл ялиг нэмэгдэж, 3.6 сая ам.долларын дахин хөрөнгө оруулалт хийгдсэн болохыг Монголбанкны мэдээллээс харж болохоор байна.
 
Гэхдээ “Оюу Толгой”-н гэрээ хэлэлцээр эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх хүртэл хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх нөхцөл тун хомс байна гэж Монголын банкны холбоо үзэж байна. 

http://times.mn/