Цэцэрлэгийн танхимаас сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж. Тиймдээ ч сургалтын төлбөрийг үл харгалзан хувийн сургуульд хүүхдээ сургахыг эрмэлзэх болсон. Энэ нь их мөнгөтэй, элбэг бийлэгжүү болсондоо ч биш, ердөө чанартай боловсрол олгож, хүүхдээ хүнээс дутуугүй хүн болгох гэсэн чин эрмэлзэлтэй нь л холбоотой.

Дээр нь аливаа ажил горилогчийг хэлний мэдлэг дээр нь үндэслэн шалгах болсон нийтлэг хавтгайрал ч үүнд нөлөөлдөг байж болох юм. Иймд эцэг эхчүүдэд хэрэг болох үүднээс Монголын шилдэг гэх тодотголтой хувийн сургуулиудаар орж төлбөрийг нь сонирхохоос гадна улсын болоод хувийн сургуулиудын чансааг Боловсролын үнэлгээний төв, Үндэсний статистикийн хороо болон Үндэсний тойм сэтгүүлийн хамтран жил бүр гаргадаг судалгаанд үндэслэн хүргэж байна.


 

1. “Орчлон” сургуулийн жилийн төлбөр 16 сая. Өнгөрсөн жил тус сургуулийн жилийн төлбөр 12 сая төгрөг байсан бол энэ жил 4 сая төгрөгөөр нэмэгдэж 16 сая төгрөг болсон байна. Харин ахлах ангийн жилийн төлбөр 16 сая 500 мянган төгрөг болжээ.

2. “Сант”-ын жилийн төлбөр 5 сая 400 мянган төгрөг байна.

3. “Олонлог” сургууль математикаар дагнан сургадаг сургууль жилд 4.5 сая төгрөг төлөх нь.

4. “Монгол Туркийн хамтарсан сургууль”-ийн жилийн төлбөр 5.8 сая төгрөг аж. Дээр нь дотуур байрны төлбөр 2.7 сая төгрөг нэмэгдэнэ.

5. Зайсанд байрлах “American school” мөн л төлбөрөө нэмж, жилийн 13 сая болгожээ. Өнгөрөгч онд тус сургуулийн төлбөр 9 сая төгрөг байсан юм.

6. “Гёте” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 2.5 сая төгрөг бөгөөд энэ жилийн хувьд ч мөн тодорхой хувиар нэмэгдсэн сурагтай.

7. “Ү-Цай” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр хоёр сая төгрөг. Тус сургуулийн хувьд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.

8. “Улаанбаатар-Элит” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 7000 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 13 сая 965 мянган төгрөг болж байна.

9. “Хобби” бүрэн дунд сургууль жилийн төлбөр 5 сая төгрөг.

10. British school - 30 мянган ам.доллар /баттай бус эх сурвалжийн мэдээлснээр/

10. Хамгийн өндөр төлбөртэй “International school of Ulaanbaatar” буюу “Олон улсын дунд сургууль”-ийн төлбөр ахлах ангид 23984 ам.доллар буюу 47 сая 848 мянгө, дунд ангид 22636 ам.доллар буюу 45 сая 158 мянган төгрөг, бага ангид 18658 ам.доллар буюу 37 сая 222 мянган төгрөг төлөх ажээ. Энэ нь өмнөх оныхоос 2000-4000 орчим ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм.

11. Харин Орос-Монголын хамтарсан гуравдугаар дунд сургуулийн жилийн төлбөр 2.5 сая төгрөг байгааг эх сурвалж мэдээллээ. Тус сургуулийн хувьд Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хагас улсын мэдлийн сургууль гэж явдаг бөгөөд 2012 онд 1 сая 800 мянган төгрөгийн төлбөртэй байсан билээ.

Гэвч эндээс нэгэн хөөрхийлөлтэй дүр зураг гарна. Учир нь өнөөдөр монголчуудын дундаж цалин хэдэн төгрөг байгаа билээ. Яахав, Статистикийн үндэсний хорооноос гаргасан судалгаагаар өнөөдөр Монгол Улсын дундаж цалин 844 мянган төгрөг гэх юм билээ. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр жирийн төрийн албан хаагч болоод хувийн хэвшлийн ажилчдын цалин чүү ай 600 мянгад хүрч байвал их юм. Дээр нь хавартаа нэг, намартаа нэг нэмэгдэх байрны үнэ, хоол хүнсний үнийг тооцоод үзвэл цалингаасаа илүүчлээд хүүхдээ хувийн сургуульд сургана гэвэл ёстой үлгэрийн далай.

Дээр нь эцэг эхчүүд хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөөрөө хүүхдээ арайхийн өндөр төлбөртэй сургуульд оруултал "Нарантуулын халтаруудтай хамт сурч чадахгүй" хэмээн хур баячуудын хүүхдүүд шоглох энүүхэнд гэх.

Тэгвэл хүүхдээ заавал хувийн сургуульд оруулна гэсэн бодлоо түр хойш тавиад доор мэдээлэлд анхаарлаа түр хандуулна уу.

Ямар хичээлээр аль сургууль тэргүүлдэг вэ

Хувийн шилдэг 20 сургууль

 

Улсын шилдэг 20 сургууль

Боловсролын Үнэлгээний төвөөс гаргасан жагсаалтаар:

Шилдэг 20 дунд сургууль

Хүүхдүүдийн ЭЕТ-т үзүүлсэн амжилтаар:

Төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын сургуулиудад зовлон бэрхшээл багагүй бий. Материаллаг бааз дутмаг, сургуулийн орчны тохижилт муу, анги дүүргэлт хэтэрч гурван ээлжээр хичээллэх, нэг ширээнд сурагчдыг гурваар нь суулгах зэрэг гачаал зовлонгийн фактыг бид хангалттай сонссон. Ийм нөхцөл  бүхий сургуулиудыг жилийн сая сая төгрөгийн төлбөртэй хувийнхантай  ижилсүүлж тэнсүүлэхэд учир дутагдал байлаа.

Улсын сургуулиуд хувийнхныг бодвол харьцангуй олон төгсөгч гаргадаг. Төгсөгчид олон байх тусмаа тэдний сурлагын түвшин харилцан адилгүй тул хэмжээст онооны дундаж хувь нь буурч тоологддог байна. Үнэхээр сайн сурагч нь хувийн сургуулийн төгсөгчдөөс  дутахааргүй, заримдаа илүү байх тохиолдол цөөнгүй ч бусдынх нь сурлагын дүн чангааж, нийт  чанарын үзүүлэлтийг бууруулна.

Энэ байдал улсын сургуулиудыг хувийнхнаас тохой доогуур болгон харагдуулж байгаа ч байж мэдэх юм. Шилдэг 20-ийн   дотор Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Өмнөговь сумдын сургуулиуд  орж байгааг онцлохоос аргагүй. Нийслэл, аймгийн сургуулиудтай зэрэгцэн  сумын сургууль цөөн ч гэлээ орж ирсэн нь дунд боловсролын салбарын  сургалтын уламжлал тасалдаагүйн илэрхийлэл болж байна.

Аль нь илүү вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтанд төгсөгчдийнх нь үзүүлсэн амжилтаар дунд сургуулиудыг дүгнээд, хувийн болон улсын өмчийн хэвшлээр нь ангилж хичээл тус бүрээр дунджийг нь гаргаж харьцуулсан хүснэгтээс “улсын сургуулиуд муу” гэх үнэлэмж ташаа болохыг харж болно. Нийтдээ 10 хичээлийн зургаад нь улсын сургуулиуд илүү үнэлгээтэй байна. Гэхдээ энэ бол “хувийнх муу” гэсэн үг биш юм. Учир нь хувийн сургуулиудын ихэнх нь математик, англи хэл зэрэг тодорхой хичээлийг төрөлжүүлэн, зонхилж заадаг бөгөөд тэдгээрийнхээ үнэлгээгээр бусад хувийн сургуулиудаа ч тэргүүлэх нь бий.

Гэвч эцэг, эхчүүдэд хэрэгтэй байх болов уу гэдэг үүднээс дээрх мэдээллийг багцаллаа. Харин хүүхдээ ямар сургуульд оруулах вэ гэдгийг уншигч таны мэргэн оюун шийдэх биз ээ.

Х.Маргад

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn