Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улсын Их Хурал “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.

Тодруулбал, дотоодод үйлдвэрлэж байгаа, импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг нэмэгдүүлжээ. Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх,  автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоов.

Татварын хэмжээг ингэж нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна хэмээн албаныхан хэлсэн юм.