Монголын Залуучуудын Холбооноос жил бүрийн наймдугаар сарын 25-ныг МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР болгон тэмдэглэсээр ирсэн. Анх 1921 оны 8-р сарын 25-ны өдөр Монголын анхны залуучуудын байгууллага болох “Бошгыг халах залуучуудын эвлэл” байгуулагдаж байсан учир тус түүхэн өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм. Энэ өдрийн гол ач холбогдол нь тэмдэглэлт баяр гэхээс илүү залуус хамтаараа ямар бүтээлч, үр дүнтэй, нийгэмд тустай ажил өрнүүлж болохыг харуулж, үүнийгээ ажил хэрэг болгон хэрэгжүүлэх байдаг.

 

 

 

Энэ жилийн тухайд Монголын Залуучуудын Холбооноос наймдугаар сарыг ЗАЛУУ САР болгон зарласнаас гадна өнөөдрийн өдрийг “All operations-2015” нэрийн дор нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаар зохион байгууллаа. Хандивлах тус, Амьдралын тус, Залуусын цэцэг, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилго бүхий байнгын хороодод тамга тэмдэг гардуулах үйл ажиллагаа болсон юм.

 

 

 

 

 

“Хандивлах цус” арга хэмжээг улс орон даяар өрнүүлсэн бөгөөд Монголын Залуучуудын Холбооны төв байранд залуус цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэсэн бол Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж, байнгын болон цагийн ажлын байранд залуусыг зуучиллаа. Энэ өдөр 200 гаруй залуус ажилд зуучлуулахаар бүртгүүлж, 113 залуу нээлттэй ажлын байранд зуучлуулжээ. Мөн хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой 12 залуу хөдөлмөрийн яармагийн үеэр бүртгүүлсэн байна.

 
 

Түүнчлэн энэ өдрийн гол ач холбогдол бүхий нэг арга хэмжээ нь Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Ахмадын хорооныхонд хүндэтгэл үзүүлэх байсан бөгөөд залуус залгамж халаагаа үргэлж хүндэтгэн, тэдний сургаалийг дагаж, мөрдөх нь чухал болохыг сануулсан юм.

Одоогоос 94 жилийн өмнө Монголдоо төдийгүй Ази тивд анхны залуучуудын байгууллага болох “Бошгыг халах залуучуудын эвлэл” байгуулагдаж байсан түүхтэй. Цаашид Монголын Залуучуудын Холбоо нь “Бошгыг мөрдөх” залуучуудын байгууллага байх ёстой гэсэн зарчмын дор ажиллаж байна.