Ам.долларын ханш дахиад л 2000 төгрөг давчихлаа. Дэлхийн эдийн засаг угаасаа хэцүүдчихсэн, барууныхан хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалтаа татаж байгаа юм чинь аргагүй шүү дээ гэх мэт тайлбар хэлж болно л доо.

Ер нь бол тийм. Гэхдээ долларын ханш өсөхөөс аргагүй өөр нэг шалтгаан бий. Сүүлийн хэдэн жил гадаадын хөрөнгө оруулалтыг адалж хийрхсэний гор өнөөдөр гарч байна. Яг нарийндаа эх орончид олширсны шагналыг ард түмэн нуруундаа үүрээд явж байна. Доллар өсөх хэрээр авдаг хэдэн төгрөгийнх нь үнэ цэнэ буурах нь тодорхой. Өмнө нь сарын хүнсний хэрэглээгээ зуун мянган төгрөгөөр бэлддэг байсан айл одоо бол хүнсэндээ 150 мянган төгрөг зарахаас наашгүй болчихож байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар ядуурлын хувь өндөр гараад байгаагийн цаад шалтгаан нь энэ. Эх орончид Оюу толгойгоо “Рио”-д өгөхгүй, Таван толгойгоо Хятад, Япончуудад алдахгүй, гадаадын хөрөнгө оруулагчид шиг муухай амьтад байхгүй, бид өөрсдөө бүхнийг чадна гэж цээжээ дэлдсээр байгаад гаднаас орж ирэх долларын урсгалыг тасалчихсан. Одоо тэд Монголыг итгэж ядсан харцаар харж байна. Заримынх нь итгэл бүр алдарчихсан. Мяньмараас эхлээд Монгол шиг баялагтай, хөгжиж буй орнууд “Бид ийм таатай орчин амлая. Манай улсад тавтай морил” гээд байхад тэнэг л биш бол ямар ч хөрөнгө оруулагч оруулсан доллараа атгаад тийшээ зүглэх нь ойлгомжтой. Тэд Монголоос доллараа татаад эхэлчихсэн. Гэхдээ нэг нь ч оруулсан доллараа бүтнээр нь авч чадахгүй алдагдал хүлээж байгааг саяхан болсон “Дисковер Монголиа” –гийн үеэр судлаачид иш татан ярина лээ.

Харамсмаар нэг үнэн бий. Доллар улс төрийн зэвсэг болчихсныг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд бэлхнээ хэлээд өгч байна. Засгаас МАН гарна гэсэн өдөр долларын ханш өсчихөж байгаа юм. Цаад зорилго нь тодорхой. АН-аас болж доллар өслөө, засгаас зарим сайд нараа гаргаагүй бол юу гэж ийм юм болох вэ гэсэн мэссэжийг нийгэмд өгөхийн тулд МАН-ын доллартай нөхдүүд зах зээлийг удирдсан хэрэг. Эсрэгээрээ засагт МАН нэгдэнэ гэсэн өдөр ам.долларын ханш унасныг бид бултаараа харсан. Одоо сөрөг хүчин доллар өсөөсэй гэж залбирч суугаа. Өсөхөд нь дэм болоод явж байгаа. Доллар өсөх хэрээр МАН-ын онилоод буй АН хохирдог бол хамаа алга. Хохирч байгаа нь жирийн иргэд гэдэгт л хамаг учир байгаа юм. Уг нь сөрөг хүчнийхэн иргэдийг төлөөлж тэдний төлөө ажиллах гэж УИХ-д сонгогдсон. Тэд иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг цаас болгохгүйн төлөө, долларын ханшийг барихын төлөө ажиллах үүрэгтэй.

Өдрөөс өдөрт ханш нь чангарч буй долларын галзуурлыг барих бодитой ганцхан арга бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л ноён ногоон номхорно. Энгийн хэн ч ойлгохоор гаргалгаа. Бид ямар доллар үйлдвэрлэх биш, доллартай хүмүүс л мөнгөө атгаад орж ирвэл төгрөг чангарна. Авдаг хэдэн бор төгрөгийн маань ханш өсч, амьжиргаанд хүрэлцэхүйц болно. Эдийн засаг өснө. Бүтээн байгуулалт өрнөнө. Цахилгаан станц, үйлдвэрийн том төслүүд хэрэгжих боломж нээгдэнэ. Доллартай болж байж л бид хүчирхэгжинэ. Тэгэхээр эх орончид, засагт багтаагүйдээ шаралхсан намынхан, засаг барьж байгаа нь гээд ялгаагүй бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө ажиллах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагчид хадны мангаа биш ажлын байр бий болгодог баялаг бүтээгчид гэж сэтгэж ажиллахгүй бол ам.доллар өндрөө авсан хэвээр байна. Үр дүн нь тодорхой. Иргэд туйлдана, эдийн засгийн хямрал гүнзгийрнэ.

http://www.dnn.mn