Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  ВонСүн тэргүүтэй 110 гаруй  төлөөлөгчид Улаанбаатар хотноо  айлчилж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сөүл хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, бид 20 жилийн турш найрсаг сайхан харилцаатай байж, олон салбарт  идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Хамгийн ойрын жишээг хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн явдал юм.

“Кореа смарт карт” компаний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан нь бидний хамтын ажиллагааны нэг үр дүн гэж хэлж болно. Цаашид бид хотын агаарын бохирдлыг бууруулахад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаас гадна,  Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр, зам тээвэр, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллана гэдгийг онцлов.

Сөүл хотын дарга Пак Вонсүн, “Та бүхэнтэй уулзахад найз нөхөдтэйгээ уулзаж байгаа мэт дотно сайхан сэтгэгдэл төрж байна. Энэ удаагийн айлчлалаар бидний хамтын ажиллагаа улам илүү батжиж, хот хоорондын, байгууллага хороондын түншлэл нэмэгдэнэ гэж үзэж байна. Би Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй адилхан Солонгос улсын ардчиллын төлөө  зүтгэж явсан хүн. Тиймээс бидэнд улс төрчийн хувьд адил төстэй зүйл их бий” гэлээ.
Сөүл хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын SH корпараци буюу Орон сууцны корпораци, Сөүл хотын Ус судлалын газар, Ус хангамжийн ерөнхий газар, Сөүл хотын Төлөвлөлт, зохицуулалтын газар,  Сөүл хотын Зам харилцааны ерөнхий газар, Уур амьсгал, хүрээлэн буй орчны газар зэрэг хотын амин сүнс болсон байгууллагын дарга, төлөөлөгчид ирснээс гадна бизнесийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Маргааш талууд Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалтад оролцож хот төлөвлөлт, зам тээвэр, дэд бүтэц, агаарын чанарыг сайжруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэх юм.

Мөн энэхүү айлчлалыг сурвалжлахаар Солонгосын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагаас 16 хүн  хүрэлцэн ирсэн бол “Сөүлийн өдрүүд” урлагын тоглолтод оролцохоор 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотод иржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.