“Эхнэр” гэдэг энэ дэлхий дээрх хамгийн бүтээлч, нэр төртэй мэргэжил гэнэ. Энэ мэргэжлийг жинхэнэ утгаар нь эзэмшсэн эмэгтэйн гэр бүл тогтвортой оршин тогтсоор, нийгэмд олон олон сайны үрийг тарьсаар ирсэн байдаг. Нийтлэг тохиолддог гэр бүлийн нэгэн зураглалыг дүрсэлж үзье.

 

 

Нөхөр нь залуудаа төрийн ажилтан, харин эхнэр нь жижигхэн компанийн нягтлангаар ажиллаж, хамтдаа эв найрамдалтай амьдарч ирсэн байж. Эхнэр нь элдэв зангүй, ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ асарч халамжилна, гэр орны ажлаа зохицуулах гээд л эмэгтэй хүний барагдашгүй их ажилтай. Хэрүүл маргаангүй, дотно сайхан харилцаатай байсан гэр бүлийн тэргүүний ажил өөдрөг дэвшилттэй байсаар бүх зүйл өөрчлөгдөж, аз нь шовойсон эр хувийн бизнестэй болно. Сая нэг амьдрал жигдрээд толгой өвдөх зүйлгүй боллоо гэтэл хүнд хэцүү үеийг хамтдаа туулсан нөхөр нь залуухан царайлаг бүсгүйтэй амьдрахыг хүсжээ. Хажуугаас нь харахад энэ айлын нөхрийг зуун хувь буруутгахаар байгаа биз. Гэхдээ асуудлыг арай өөр талаас нь хараад үзье.

14811060-R3L8T8D-650-0a863a6142d561fcda55b42e43a87cc5-426x640

 

Хэдийгээр эхнэр нь үүргээ сайн биелүүлж, амьдралдаа үнэнч хандаж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж амьдралын шат ахихад хоцрогдож байгаагаа анзаараагүй байна. Үнэндээ бол жирийн албан хаагчийн эхнэр байх нь боломжийн харин ахиж яваа бизнесмэний хувьд чамлалттай санагддаг биз.

Тэгэхээр гэр бүлийн харилцааны өөр нөхцөл, өөр үе шат эхнэр хүнээс бас өөрчлөлт шинэчлэлтийг шаарддаг байх нь. Учир нь нийгмийн байдал, нөхрийнх нь сэтгэл зүйн онцлог, харилцах хүрээ нь эхнэрээ өөр нүдээр харахад хүргэдэг байна. Тэр үед нь л чамлалттай сэтгэгдэл төрүүлбэл эхнэр хүний нэр хүндтэй хамт гэр бүлийн тогтвортой байдал ганхаж эхэлдэг байна. Дэлгэрэнгүй тайлбарлавал гэр бүлийн бат бөх байдал буюу эхнэр хүний нэр төр гуравхан зүйл дээр тогтдог байна. Энэ нь аж байдал, чөлөөт цаг, мэдээж секс.

-Секс

Үүнийг нөхөрт зориулсан арга заль мэтээр ойлгож хандвал утгагүй болно. Харин ч харьцаанд уян хатан байж мэдэрч чадсан эмэгтэй өрсөлдөөнөөс ангид онцгойрч чаддаг гэнээ.

-Чөлөөт цаг

Үүнийг ухаалаг төлөвлөж зохицуулах нь багагүй ухаан шаардана. Чөлөөт цаг л гэр бүлийг бат бөх гагнаж өгдөг гэж хэлж болно. Нэг ёсондоо зугаалгаар салхинд гарлаа гэхэд нөхөр ивээн тэтгэгч харин эхнэр нь зохион байгуулагч байдаг бол та нөхөртөө уйтгартай санагдахгүй л юм байна.

-Аж байдал

Ихэнхдээ хэрүүлийн алим эндээс шидэгдсэн байдаг. Ээдрээтэй асуудал гэрт үүсэхгүй байх тал дээр санаа тавьж байх хэрэгтэй юм байна. Жишээ нь, яг сайхан хооллож байтал нөхрийн тань амтархан иддэг амтлагч, сүмс дууссан байх. Энэ нь танаас овсгоо самбаа шаардана. Ядаж л нөхрийнхөө оролцоогүй хөшгөө сольчихсон байвал түүнд таатай л байж таарна. Эхнэр хүн эдийн засаг, менежментийн бага гэлтгүй мэдлэгтэй бол энэ асуудлыг амархан зохицуулж дөнгөнө гэнээ. Тогоочийн курст сурсан шинэ хоолыг тань идэхдээ нөхөр сэтгэл хангалуун байлгүй яах билээ.

 

www.women-center.mn

Ингээд харахад эхнэр хүн боловсрол мэдлэгтэй, ухаалаг байж чадвал тэр гэр бүл бат бөх оршин тогтнохнээ.Тиймээс ч эрчүүд эхнэрээ сонгохдоо мэдрэмжтэй, ухаалаг, чөлөөт сэтгэлгээтэй, тал бүрийн мэдлэгтэй, өөрийгөө боловсруулах эргэж хөрвөх чадвартай бүсгүйг эрж хайж сонгодог байна.

Гэхдээ хорвоо дээр арван хуруу тэгш хүн байхгүй шүү дээ. Амьдралын явц дунд овсгоо гаргаж суралцаж чаддаг байх хэрэгтэй мэт. Эхнэр хүн гэдэг гэрийн үйлчлэгчтэй зүйрлэмгүй том нэр хүндтэй алба юм.