Сайн байна уу? өөрийнхөө амьдралыг бусадтай ний нуугүй ярьж болохоо байсан хорвоод захиа бичиж өөрийн сэтгэлийн үгээ та хэдтэй л хуваалцахаас өөр зам үгүй болжээ. Нэгэн томоохон газар ажилладаг болохоор ажлын найз, нөхөддөө хэлж ярьж ч болохгүй хэцүү юм. Худлаа үнэн нэр төрөө л бодох юм аа. Би одоо 35-тай өөрөөсөө 4 дүү эртэй ханилсан. Одоо ойрхон насны зөрүүтэй 2 хүүхэдтэй. Бүхий л зүйлээ өөрөө бэлдэж өөрөө л бүгдийг хамаг юм аа хийдэг юм. 

Нөхөр ажилтай би ч ажилтай 2 хүүхдээ манай эцэг, эхээр ээлжилж харуулна. Эхэндээ ч бид 2 танилцахад их сайхан байсан манайхан ч оройтож хүнтэй сууж байгаа болохоор нөхөрт анхнаасаа л талтай байсан. Тэгээд л бид 2 уулзаж учирч манайд амьдарсаар анхны хүүхдээ төрүүллээ.Манай том өөртэй нь усны дусал мэт адилхан бөөн баяр. Гэтэл удалгүй би ахиж жирэмслэхэд л миний амьдралын жаргалтай мөч хийсч одсон. Энэ хугацаанд нэг хүүхэнтэй уулзаж учирдаг болж. Тэдний тал нэг бөөтэй гээд л байн байн очдог байлаа. Би ч шүтлэггүй болохоор лам, бөө гэж явахгүй.

Гэтэл жирэмсэн байхад нөхрөө эмэгтэй хүнтэй болоод удаж байгааг мэдсэн. Тэгсэн нөгөө бөө хүүхэн нь байдаг юм даа. Тэр бөөгийн хүчээр дарамталсаар өөртөө татсан гэсэн. Сүүлд надтай уулзаад "чи нөхрөө надруу явуулахгүй байж чадахгүй ээ. Би бөөгийнхөө хүчээр нөхрийн чинь өөрийн мэдэлгүй миний дэргэдээс салахгүй салтааг минь санаад үхэн хатах шахдаг хүн болгож орхино харж л байгаарай" гэж бөөн юм болсон доо.

Тэрний хэлснээр одоо нөхөр маань тэднийхээс салж чадахаа больсон. Би тэсэхээ байгаад хагас жилийн өмнө чи түүнтэйгээ хамт амьдар манайд байх хэрэггүй гээд хувцсын өгөөд явууллаа. Сар ч бололгүй хүрч ирээд уйлж унжаад л хамт амьдрах болсон. Би ч эмэгтэй хүний уяхан сэтгэлээрээ хүлээж авсан. Бас хоёрын хоёр аавыгаа хүлээж надаас  нэхэх үрсээ бодсон. Гэвч тэр бөө хүүхнээсээ салж чадахгүй байна. Эр нөхрөө өөр хүнтэй хуваалцаж, ирж хоноогүй өдрүүд нь дэрээ нулимсаар норгох хувь тавилантай юм байлгүй. Саяхан би ингэж үнэхээр тэсэхгүй нь ээ чи бид 2ын нэгийг сонго гэхэд уйлж хайлаад би очихгүй та гуравгүйгээр амьдарч чадахгүй л гээд уйлаан болсон. Хэцүү юм аа хүний амьдрал тэр тусмаа эмэгтэй хүний зовлон дуусдаггүй хорвоо гэж үнэн юм даа. Айл гэрийн үймүүлж бөө нэр зүүсэн шулмуудыг яалтай билээ дээ. Одоо ч шүүхээр орж гэрлэлтээ салгуулж хүүхдийн тэтгэмжээ аваад амьдарья гэж бодох юм тэгснээ хэрнээ л чадахгүй байна аа. Яваад өгөхөөр нь уурлаж гомдож, хүрээд ирэхээр нь баярлаж байгаа сэтгэлээ бодохоор өөрийгөө зүхмээр байх юм. 

Ж.У-гаас.