Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга н.Ариунболд нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилтан бүсгүй Б зодож, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ.

Хохирогч бүсгүйн ах “Миний дүү Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг. Энэ сарын 24-ний өдөр удирдлагууд нь малын гоц халдварт өвчин гарсан гэж хуураад айлын унага тамгалах найранд аваад явсан юм билээ. Удирдлагууд нь явья гэхээр ажилтан нь юм болохоор татгалзаж чадаагүй гэсэн. Гэтэл дүүг минь зодож, цустай нь хутгаад орхиод явсан байгаа юм. Одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна” гэж ярив.

Харин хэргийн газар ажилласан цагдаагийн байгууллагын эх сурвалжаас  тодруулахад “Одоогоор хэрэгт гурван хүнийг сэжигтнээр Эрүүгийн хуулийн 96-д зааснаар буюу бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжигтээр татан Төв аймгийн Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Мөн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг баривчилж цагдан хорьсон. Хохирогчийн ар гэрийнхэн болон эмч нарын зүгээс хүчиндсэн байж болзошгүй гэж үзэж байгаа тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гомдол гаргаж, шинжилгээ хийлгэж байгаа" гэлээ. 

Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар унага тамгалах найранд очсон сумын орлогч Б.Ханбаатар, Засаг даргын тамгын газрын дарга н.Ариунболд нар согтоод зодолдсон гэнэ. Их сургуульд хамт сурч байсан найзууд ажилтан бүсгүй Б-гээс болж гар зөрүүлэхэд хүмүүс болиулж эвлэрүүлсэн гэх. Б.Ханбаатар найзыгаа  Б-тай орооцолдож намайг  хуурлаа гэхэд Ариунболд "Чи эхнэр, хүүхэдтэй байж" хэмээн муудалцсан аж. Тэгээд маргааныг таслахаар ажилтан бүсгүй Б-г гоц халдварт өвчин гарлаа, хурдан ир гэж н.Ариунболд утасдаж, жолоочоо явуулсан байна. 

Дуудлага ирлээ гээд бүсгүй ч багаж хэрэгсэлээ аваад очсон байна. Очсны дараахан архиар шахаж, Б.Ханбаатар унага тамгалж байгаа айлаас нэлээд зайдуу газар бүсгүй Б-г аваад явжээ. Тэнд очоод хардалтаас болж бүсгүйг зодож, тархинд хүнд гэмтэл учруулаад зогсохгүй данхраадын ишээр анос, бэлэг эрхтэн рүү хийж цус их алдуулсан гэх.  Бүсгүй ухаан алдаж, Б.Ханбаатар машин дотроо ороод унтсан байхад нь Засаг даргын Тамгын газрын дарга н.Ариунболд тэргүүтэй хүмүүс очиж мэдээд дуудлага өгч эмнэлэгт бүсгүйг хүргэжээ.  Б.Ханбаатар ажилтан бүсгүй Б-тай амрагийн харилцаатай байсан уу, даргын хувьд ажлын байрны бэлгийн  дарамт үүсгэдэг  байсан уу гэх асуудал ч сөхөгдөж байгаа бололтой.  

Ж.Гал

http://www.times.mn