Түүнтэй танилцаад би лавтай 5,эсвэл магадгүй 10 жил болж байгаа байх шүү. Тийм ээ тэр нөхөр анх ганц бие байхдаа л хааяа надтай тааралдахдаа тамхи асууж, эсвэл гал асууж хамтдаа бид нэг бус удаа үгүй бүр өчнөөн удаа тамхилсан. Тамхилах зуураа хүүхэн шуухан, ахуй амьдрал гээд хэрэгтэй хэрэггүй бүхнийг хамж шимж ярьдаг ч би түүнийг нэг ч удаа инээмсэглэж байхыг хараагүй юм. Уг нь тэр залуу хүн шүү дээ.

За нэг хэсэг тэрэнтэй таарахгүй байсаар нэлээд удсаны эцэст өнөөх маань архины дэлгүүрт пиво авах гэж таарахдаа эхнэр авах гэж буйгаа дуулгав. Хөөх тийм үү яасан сайхан мэдээ вэ, за тэгээд хуримаа хийнэ биз дээ гэж намайг уулгамч юм шиг уулга алдахад ч өнөөх л амьгүй харцаараа өөдөөс ширтэн, аа тэгэх байхаа гэж тэрүүхэндээ бувтнав. Уг нь тэр хэн ч харсан тун дажгүй сайхан л эр. Гэхдээ л түүнтэй тааралдхаас би хааяа эмээнэ.

Ялангуяа хаа нэг дөрөө чангалчихаад инээд муутай дээрээ улам хөөрцөглөчихсөн үед түүнийг бүү таараасай л гэж хүсэх. Учир нь түүний уйтгартай нэгэн хэвийн царайг хархаар би өөрөө ч түүний өмнө буруутай юм шиг хамаг бие эвгүйцнэ. Би тэрнийг хуриман дээрээ ч инээхгүй дээ гэж мөрийцөхөд бэлэн байв. Харамсалтай нь надтай хэн ч мөрийцсөнгүй. Тэгсгээд мартагдах шахуу байтал мань хүн байшингийн буланд тамхи татаад сууж байх нь тэр. Би ч учиргүй хайртай найзаа санасан хүн шиг чавхдан хүрэв. Хүүе ээ сайн уу чи хуримаа хийсэн үү дээ гэж инээмсэглэн асуухад, хурим уу хийсэн хийсэн, зураг үзэх үү гээд утсаа гаргав.

Тэр тун сайхан хослол өмсчээ, эхнэр нь ч тэр аятайхан л хүүхэн санж. Харин хамгийн хачирхалтай нь эхнэр ч, мань эр ч хуримаа хийж байж инээсэнгүй. Яг л урьдынх адил ИНЭЭДЭГГҮЙ робот хүн өөдөөс бүр нэг биш хоёр болж үржчихээд ширтэж байх нь тэр. Миний хамаг биений үс босох шиг, ийм ИНЭЭДЭГГҮЙ хүний хажууд би хэр удаан тэсэх бол? Ер нь энэ хэзээ ч инээхгүй бол, яана гэж бодохоос л амьдрал минь арван насаар хоргодох шиг.... Тийм ээ тэр ИНЭЭДЭГГҮЙ хүн, тэгэхдээ ядаж байхад зургаа авахуулах дуртай.

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот.