img.php    Ардын хувьсгалын 93 жилийн наадам сайхан болж өнгөрлөө. Өчигдөр уламжлал ёсоороо үзүүр түрүүний бөхчүүдэд мөнгөн шагналыг нь гардуулав. Наадмын талбайд зөвхөн энгэрийн тэмдэг, цолны үнэмлэх, дурсгалын зүйл гардуулдаг юм. Түрүүлсэн бөхөд 15 сая, үзүүрлэсэн бөхөд 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдэд тус бүрд нь 7 сая төгрөг өгдөг аж. 

Энэ үеэр нутгийн зөвлөлүүд нь бөхчүүдэд шагналын хураа буулгалаа. Улсын наадамд 9 даван түрүүлж Аварга болсон Г.Эрхэмбаярт Сэлэнгэ аймгийнхан Mercedes Benz-G500, Зайсанд 3 өрөө байр бэлэглэлээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Г.Буяндорж тэргүүтнүүд хүрэлцэн ирсэн байсан юм. Өмнө ч гэсэн Г.Эрхэмбаярыг арслан болоход С.Баярцогт, Г.Буяндорж хоёр гараа сунгаж байсан юм.

Харин Завхан аймгийн нутгийн зөвлөл Улсын наадамд үзүүрлэсэн гарьддаа багагүй бэлэгийг өглөө. Завхан аймгийн нутгийн зөвлөл 2 өрөө байр, хар өнгийн Lexus-570 машин бэлэглэв. Харин Завхан аймгийн бөхчүүд шинэхэн гарьддаа цагаан өнгийн Land-200 машин дурсгав. Тэд цагаан өнгийн машин бэлэглэсэн нь хар, цагаан хэл амнаас сэрэмжилснийх хэмээн тайлбарлав. УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Оюунхорол, гавьяат У.Далантай тэргүүтнүүд байсан аж.  

Мөн Завхан нутгийнхан Улсын наадамд түрүүлсэн уг гарал нэгтэй Аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлс гардуулсан байна. Учир нь Г.Эрхэмбаярын аав, ээж хоёул Завхан нутгийн хүмүүс бөгөөд Атар газрыг эзэмшихээр Сэлэнгэ нутагт томилолтоор ирж суурьшжээ. Мөн Аварга С.Мөнхбат, улсын заан Б.Батмөнх хоёрт ч давхар хүндэтгэл үзүүлжээ.
Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгч “Эм Си Эс” групп “Эрийн хийморь” шагналаа гарьд Б.Гончигдамбад гардууллаа. 

Ийнхүү жилдээ ганцхан болдог улсын наадамд үзүүрлэж түрүүлсэн бөхчүүдийн шагналын эхний хур буулаа. Мэдээж дараа нь Аварга, гарьд цолны мялаалга болно. Энэ үед нутгийнхан, найз нөхөд, сумынхан гээд шагналаа үргэлжлүүлэн олгоно. Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн энэ хоёр эрхэм цолныхоо мялаалгыг намар оройхон хийнэ хэмээн энэ үеэрээ мэдэгдсэн байна. Ийнхүү ардын хувьсгалын 93 жилийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн хоёр бөх хүч хөдөлмөрөө үнэлүүлж нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залахаар бэлдэж эхэлсэн сураг гарлаа.