Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Дөвөнтийн алтны ордыг Хятадын “Жинлиань” компани хууль бусаар эзэмшиж байна хэмээн “Болгаргеомин ЛТД” –ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Борислав ангелов, “Монголболгаргео” компанийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял, “Монголболгаргео” компанийн дэд захирал Я.Мандах нар өчигдөр сэтгүүлчдэд хандлаа.

Мөн тэднийг өөгшүүлэн дэмжигчид нь Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нар болохыг тэд онцоллоо.

Дөвөнтийн ордод Монгол- Болгарын хамтарсан “Монголболгаргео” компани 1979 онд анх уурхай ажиллуулах эрх авчээ. Харин 2011 онд Төрийн өмчийн хороо “Монголболгаргео” компанийн өөрийн мэдлийн 50 хувийн хувьцаагаа Хятадын “Жинлиань” ХХК –д зарсан байна. Гэтэл “Болгаргеомин ЛТД” компанитай зөвшилцөлгүйгээр “Монголболгаргео” компанийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгялыг өөрчилж, Л.Ундрахыг хууль бусаар гүйцэтгэх захирлаар томилжээ. Мөн “Монголболгаргео” компанийн тамга тэмдгийг гээсэн хэмээн зарлал гаргаж шинээр хийлгэж авсан байна. Ийм замаар Дөвөнтийн алтны орд руу орсон “Жинлиань” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа таслан зогсоохоор Баянхонгор аймгийн Шүүхийн захирамж, тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар зургаан удаа оролдлого хийсэн боловч хятадуудад Монгол Улсын хууль үйлчлэхгүй байгаа гэнэ. Тухайлбал: 2013 онд 30 кг, 2014 онд 20кг алт олборлон зарж борлуулсан ч “Болгаргеомин ЛТД” компанид нэг ч төгрөг төлөөгүй. 2015 онд “Жинлиань” компани Галуут сумын нутагт орших “Мухар Эрэг”-ийн алтны шороон ордыг ашиглах уулын ажлын төлөвлөгөөг “Монголболгаргео” компанийн нэр дээр батлуулан ашиглалт явуулж эхэлсэн. Хууль бус үйлдлийн талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд хандахад “Манай нутагт хандив өгсөн талд үйлчилнэ, хууль бус ажил эрхлэх нь хамаагүй хүн бүр ажилтай байх ёстой” гэж хариулсан гэнэ Иймд хууль хяналтын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралдаа авахыг хэвлэлийн хурал зохион байгуулагчид тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.polit.mn