“Үхтэл үр харам” гэдэг үг бий. Гэтэл энэ үгний эсрэг эцэг, эх байх юм. Шунасан бүхнээ авч байвал үр хүүхдээ ч хаяж эрүүл саруул хүнийг галзуугийн эмнэлэгт хүчээр хэвтүүлж, ална тална гэж айлган сүрдүүлсэн талаар хохирогч болоод буй С.Алтансүхийн эхнэр О.Цэрэндулам манай сониноор дамжуулан олон нийтэд хандаж байсан билээ. Одоо С.Алтансүх “Шар хад”-ны сэтгэцийн эмнэлгээс гарсан бөгөөд эл асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал хийж дахин олон нийтэд хандлаа.

Ээж Н.Нямхүү болон аав П.Сүрэнжав нар нь С.Алтансүхийн эзэмшлийн газар, гурван давхар байшинг зарж борлуулах, түрээслэх зар өгч, өөрсдийн мэдэлд авахыг санаархан түүнийг энэ оны наймдугаар сарын 30-нд гэртээ байхад түргэн дуудаж, сэтгэцийн клиникийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн юм. Ингээд зогсохгүй хүүгээ болон түүний эхнэрийг хүртэл ална хэмээн сүрдүүлжээ. Тиймээс С.Алтансүх 29 хоногийн турш галзуугийн эмчилгээ хийлгэсний эцэст эрүүл гэдэг нь батлагдан эмнэлгээс гарсан боловч аав, ээж, Сэтгэцийн эмнэлгийн их эмч С.Алтанхуяг нараас айж өөрийн гэртээ очиж чадахгүй гэр бүлээрээ нийслэлийн Цагдаагийн газрын түр хамгаалах байранд амьдарч байгаа юм. Учир нь, гэртээ очвол дахин сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх, гэмт хэрэгт гүтгэх, бие болон амь насанд нь халдаж болзошгүй байгаа гэдгийг С.Алтансүх хэлж байв.

Түүний эхнэр О.Цэрэндулам манай сонины редакцид хандахдаа тогоо шиг том гэдэстэй байсан ч нөхрөө гаргаж авахын тулд хандаж болох бүхий л байгуулагад хандсан. Харин нийслэлийн Цагдаагийн газар үүсээд байгаа нөхцөл байдалд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээ мэдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн гэнэ. Тиймээс төрөөд 10-хан хонож байгаа хүүхдээ тэврэн ийнхүү хэвлэлийнхэнд дахин хандаж байгаа нь энэ. С.Алтансүх хоёр дээд сур-гууль төгссөн, хууль эрх зүйч мэргэжилтэй, сэтгэцийн хувьд эрүүл, гаж буруу зангүй гэдгийг түүний эхнэр хэлж байв. Харин түүний ээж Н.Нямхүү хөрөнгө булаацалдсан, шунахайн сэдлээс ийнхүү үр хүүхдийнхээ амьдралыг сүйтгэж байгаа аж.

Хамгийн гол нь үүндээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг хөдөлгөж, эрүүл хүнийг галзуу болгож байна. Учир нь, Н.Нямхүү гэгчийн хамаатан, садны хоёр ч хүн тус эмнэлэгт насаараа ажиллаж байгаа юм байна. Ийнхүү давуу талаа ашиглан дур тай хүнээ галзуу болгодог аж. Тодруулбал, С.Алтансүхийн эхнэрийг хоёр ч удаа сэтгэцийн эмгэгтэй гэсэн дүгнэлт гаргуулсан байна. Түүгээр ч зогсохгүй бас нэг бэрээ сэтгэцийн өвчтэй гэх онош тогтоолгосон гэдгийг тэд хэлж байв. Энэ үеэр С.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ямар шалтгаанаар таныг Сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлэх болов?

-Би өөрөө багахан бизнес эрхэлдэг. Түүнийг л ашиглах гэсэн санаа байсан юм шиг байна лээ. Түүнээс гадна Баянзүрх дүүргийн XIV хороонд өөрийн эзэмшлийн албан ёсны зөвшөөрөлтэй газар болон гурван давхар байшинтай. Тухайн үедээ 35 сая орчим төгрөгийн ханштай байсан бол дахин төлөвлөлтийн хүрээнд 700 сая төгрөг болж өссөн. Тиймээс намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, эрхзүйн чадамжгүй гэж тогтоолгоод хашаа, байшинг өөрсдийн болгох зорилготой байгаа юм. Тиймээс миний ээж Н.Нямхүү, М.Хүдэрбат гэгчтэй хамтарч намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтүүлэх бичиг баримтыг урьдчилан бүрдүүлсэн байсан. Түүнийг нь би 6, 7 сарын өмнө мэдэж байсан. Мөн долдугаар сард хүн хатгаж, намайг алуулахаар завдаж байсан.

-Өнөөдрийн хэвлэлийн хурлын зорилго нь юу вэ?

-Намайг дахиад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх магадлал өндөр байгаа. Тиймээс би эрүүл. Ямар нэгэн эмгэггүй гэдгийг олон нийтэд хүргэх юм. Дахиад сэтгэцийн эмнэлэгт хэвтэх юм бол хийж байгаа эмчилгээ нь мэдрэл муутай хүн болгоно. Үүнээс өөрийгөө хамгаалахын тулд олон нийтэд мэдээлж байгаа юм.

-Та энэ хугацаанд ямар байгууллагад хандав. Нааштай хариу авсан уу?

-Эхнэр маань сонин хэвлэл, прокурор, Хүний эрхийн хороо, Сэтгэцийн эмнэлгийн дарга гээд олон газарт хадсан. Эцэст нь нийслэлийн Цагдаагийн газар эхнэрийг маань хамгаалалтын байрандаа байлгаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдээ төрүүлэхэд тусалсан. Гэвч цагдаагийн байгууллага үүсээд байгаа нөхцөл байдалд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээ мэдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн.

-Цагдаагийн байгууллагаас эмч томилж эрүүл гэдгийг тогтоох боломж байхгүй гэсэн үг үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эмчийг шинжээчээр томилдог. Тиймээс боломж багатай. Өвчтэй гэж оношилсон бол тэр хүн өвчтэй болж таарна. Хүний биед хүрэхгүйгээр субьектив үнэлэмжээр оношилдог. Мөн ойр дотны хүмүүсийн мэдүүлэгт үндэслэж оношилдог болохоор боломжгүй байх. Ер нь шунахайн сэдлээр Сэтгэцийн эмнэлгийг ашиглаж байна.

-Сэтгэцийн эмнэлэгт байх хугацаандаа ямар эмчилгээ хийлгэж байв?

-Сэтгэцийн эмнэлэгт байх хугацаанд галзуу хүнд хийдэг бүх эмчилгээг хийж байсан. Мартуулах, мунхруулах, догшин авирыг дарах гэх мэт эмчилгээ хийсэн. Энэ нь тархины үйл ажиллагааг зогсоох, хөл гарын хөдөлгөөнд саад болдог. Түүнээс хамгийн хэцүү нь эмийн эмчилгээ. Энэ бол шууд хэлэхэд ярга байсан. Тэр эмийг өвчтэй хүн уухад өвчнийг номхруулах үүрэгтэй. Харин эрүүл хүн зургаан сар уухад галзуу болох магадлалтай.

-Эмнэлгээс гарснаас чинь хойш аав, ээж тань холбоо барьж дарамталсан уу?

-Эмнэлгээс гарангуут эхнэртэй чинь ална гэж дарамталдаг байсан. Мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад дүү Ж.Лхагважаргалыг миний талд орлоо гэж гурван ч удаа эрүүгийн хэрэгт холбогдуулсан байгаа юм.

М.Энхцэцэг