-Тэр хүмүүс хилийн онцгой бүсэд таван цаг саатсан-

ОХУ-ын Буриадын Дотоод явдлын яамны харьяа Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах албаны хоёр албан хаагч Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн газрын байранд манай улсын иргэдээс мэдүүлэг аваад буцсан байдаг. Энэ нь манай улсын хоёр иргэнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тэдний хууль бус ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байж болох манай зарим албан тушаалтныг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгах ноцтой байдал үүсээд байгаа билээ. Иймд Хууль зүйн яамнаас Гадаад харилцааны яамаар дамжуулж ОХУ-ын Дотоод яаманд ноот бичиг илгээхээр болсон юм. ОХУ-ын Буриадын Дотоод явдлын яамны харьяа Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах албаны хоёр албан хаагчид байцаалт өгсөн гэх Э-тэй холбогдож зарим нэгэн зүйлийг асуулаа.

“Буцаад надад ямар дарамт ирэхийг та нар мэдэхгүй”

-Таныг гурван цаг гаран ОХУ-ын байцаагч нар байцаасан гэж байна. Энэ хэрэг Алтанбулаг дахь гаалийн газрын байранд болсон юм уу?

-Гурван цаг гаруй байцаагдсан. Үүнээс болж сэтгэл санаа хүнд байна. Тэгээд ч би өөрөө хувийн байгууллагад ажилладаг ч гэсэн Гаалийн байгууллагатай холбоотой ажилладаг гэсэн үг. Гаалийн зуучлагчийн ажил хийдэг. Тэгэхээр хэн нэгнийг буруутгаж ярихын оронд намайг хэн хамгаалах ёстой гэдгийг л асуумаар байна.

-Таныг Алтанбулаг дахь Гаалийн газрын дарга Д.Батбаатар гэдэг хүн дуудаж тэр байцаагч нартай уулзуулсан юм биш үү. Эсвэл өөр хүмүүс дуудаж байцаалт өгүүлэв үү. Юунаас болов?

-Энэ талаар надад ярихад үнэхээр хүнд байна. Ярилцлага өглөө гээд буцаад надад ямар дарамт ирэхийг та нар мэдэхгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно" гэсэн байдаг.Таныг гадаадын мөрдөн байцаагч нартай уулзуулсан хүн өөрөө асуудалд орохоор ноцтой хэрэг үйлдсэн байх магадлалтай. Энэ асуудал ноцтой байдал үүсгээд байгаа юм?

-Хууль зөрчсөн эсэхийг би яаж мэдэх вэ. Энэ талаар холбогдох газрууд нь шалгаад тогтооно биз. Надад энэ талаар яриад байх зүйл үнэндээ алга гэлээ.

“Намайг гурван цаг саатуулж тайлбар авсан”

Харин Буриадын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч нарт гаалийн зуучлагч Э, Г нараас байцаалт авахад тусалж мэдүүлэг авах байраар хангаж өгсөн гэгдээд буй Алтанбулаг дахь гаалийн газрын дарга Д.Батбаатараас болсон явдлын талаар юу гэж ярихыг нь сонирхсон юм.

-Тэр өдөр танай гаалийн газрын байранд юу болсон юм бэ?

-Манай гаалийн байгууллага эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Энэ талаар цагдаагийнхан надаас асууж тодруулсан зүйл байгаа. Намайг гурван цаг саатуулж асуусан. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис болон Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад энэ талаар хандаж албан бичиг хүргүүлсэн. Гаалийн байгууллага хаанаас хэн орж ирээд явж байгааг мөрдөж шалгадаг байгууллага биш. Хэн орж ирээд юу хийж явааг бид яаж мэдэх юм бэ. Үүнийг хянадаг хилийн тагнуул, хилийн шалган нэвтрүүлэх байгууллага гээд олон газар бий. Манай байгууллагын чиг үүрэг өөр шүү дээ.

-Та Г, Э нарыг гадаадын мөрдөн байцаагчтай уулзуулсан юм биш үү?

-Энэ надад хамаагүй асуудал. Би гадаадын мөрдөн байцаагч орж ирээд ийм хүнтэй уулзмаар байна гэхээр нь дуудаад уулзуулна гэж юу байх вэ. Надад ямар ч хамаагүй асуудлыг намайг хийсэн мэтээр яриад байна. Хүний нэр хүндэд хамаагүй халдаж болдоггүй биз дээ. Энэ тухай л холбогдох хүмүүст нь албан бичиг хүргүүлсэн.

-Тэр өдөр тан дээр хэн нэгэн хүнийг сурж хүн ирээгүй юм уу?

-Тэр өдөр намайг ажлынхаа өрөөнд сууж байхад хоёр хүн орж ирсэн. Тэд танайд “Гаалийн байцаагч Мөөгий гэж хүн байна уу” гэж асуусан. Тийм нэртэй хүн байхгүй гээд гаргасан. Тэгээд би гаалийн байцаагч Ням-Эрдэнэ рүү утасдаж “Наагуур чинь хоёр хүн яваад байна. Хөөж гаргаарай, газрын байраар сэлгүүцээд явах вий” гэж анхааруулсан. Ням-Эрдэнэ харин тэднийг хөөж гаргасан байдаг юм. Өөр хэн ч над дээр орж ирж хэн нэгнийг сураагүй. Ийм л зүйл болсон. Би өөрийгөө өмөөрөх гэж ийм зүйл яриагүй. Шалгадаг газар нь шалгаж тогтооно биз.

-Тэр хүмүүс ямархуу төрхтэй харагдсан. Яагаад та байцаагчдаа тэр хүмүүсийг гаргаарай гэж хэлсэн юм бэ?

-Цэргийн дүрэмт хувцастай явсан болохоор нь би гайхаж байсан юм. Тэгээд юмыг яаж мэдэх вэ, энэ хавиар дэмий нэг эргэлдээгүй хүмүүс байх гэж бодсон.

-Орж ирэхдээ өөрсдийгөө хэн гэж танилцуулсан бэ?

-Орж болох уу, гэж хэлээд шууд Мөөгий гэж байцаагч байна уу гэсэн. Ярианых нь байдлаас би өөр зорилготой яваа хүмүүс юм биш байгаа гэж бодоод гаалийн байцаагчдаа “Наад хүмүүсээ гаалийн байрнаас гарга” гэсэн. Хүнд нэг тийм сэтгэгдэл төрдөг шүү дээ. Тэр утгаар нь “гарга л” гэж хэлсэн юм.

-Таны хэлж байгаагаар Г,Э нарыг өөр хүмүүс уулзуулж өгсөн гэсэн үг үү?

-Өөр хэн нэг нь Г, Э нартай уулзах боломжийг өгсөн байх. Хэн гэдгийг нь мэдэхгүй юм. Дараа нь тагнуул, цагдаагийнхан надаас тайлбар авахад ярианых нь өнгөнөөс тэр хүмүүсээс ОХУ-ын байцаагч нар мэдүүлэг авсан юм байна гэдгийг ойлгосон. Тэр ч бүү хэл Г өөрөө сайн дураараа байцаалт өгч ингэхдээ эхнэрээ байлцуулах хүсэлт гаргаад Э-г ирсний дараа мэдүүлэг өгчээ гэж ойлгосон. Г өөрөө эхнэр рүүгээ утасдаж авчирсан юм билээ. Би тэднийг мэдүүлэг өгөхөд нь байраар хангаж өгөөгүй.

-Таныг энэ хэргийн гол буруутан. Бусдыг гадаадын мөрдөн байцаагч нарт “барьж” өгсөн гэж эх сурвалжууд хэлж байна?

-Хэрэв мэдүүлэг авахад нь ажлын байраар хангаж, дээрээс нь Г,Э нарыг уулзуулсан бол миний буруу. Ийм зүйл болсон, би оролцсон бол өөрийгөө хамгаалаад байх зүйл байхгүй. Хамгийн гол нь энэ явдлын гол буруутан өөрийн бусармаг үйлдлээ гааль руу чихэж, гаалийн нэр хүндийг унагаад байгаад миний дургүй хүрч байна. Тайлбар өгснийхөө дараа тэр хүмүүсийг хэзээ хилээр орж ирсэн, яасан гэдгийг би судалсан. Тэр өдөр 15 цагт ОХУ-ын мөрдөн байцаагч нар дүрэмт хувцастай гаалийн хяналтын бүсээр машинтайгаа орж ирсэн байдаг.15 цаг 31 минут гэхэд тэдний унаж явсан машин зэргийг нь гаалийн хяналтынхан шалгаад явуулсан. Тэгээд тэр хүмүүс хилийн онцгой бүсэд удаан саатсан байгаа юм. Тэднийг тэнд удаан байхад юу нөлөөлж, хэн туслав. Энэ бол шалгах ёстой асуудал.

-Тэр машин удаан саатсан гээд байгаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр таван цаг болсон гэсэн. Визгүй зорчдог болсон учир бичиг баримт шалгах явдалд ер нь өөрчлөлт гарсан уу?

-Эхлээд Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан бичиг баримт зохих журмын дагуу байгаа эсэхийг шалгадаг. Дараа нь гааль шалгадаг. Гэтэл тэр машин Алтанбулагийн боомтод таван цаг зогссон байдаг. Хожим нь би үүнийг олж мэдсэн юм. Хилийн цэргийнхэн хөөж гаргах ёстой байсан. Хилийн тагнуулынхан ч үүнийг анхаарах ёстой.

-Яагаад?

-Боомтод машин ингэж удаан зогсох ёсгүй байдаг юм. Удаан зогсоод байвал шалгаад хөөж гаргах ёстой.

-Гадаадынхан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь өөрөө ноцтой асуудал. Гэтэл тэдэнд тусалсан албан тушаалтанг мэдээж зүгээр өнгөрөөхгүй байх. Тэгэхээр та хэнийг, аль байгууллагыг буруутай гэж үзэж байна вэ?

-Энд нэг л зүйлийг хэлье. Эмнэлгийн орон дээр хэвтэж байсан хүнд өвчтөн нас барчихвал түүнийг сахиж байсан сахиурыг буруутгадаггүй биз дээ. Түүнийг эмчилж байсан эмчийг буруутгадаг. Гэтэл энэ удаагийн хэрэг сахиурыг буруутгаж байгаатай агаар нэг байгаа юм. Ингэж л хэлэх байна.

-ЦЕГ болон ТЕГ-ын дарга нарт яагаад албан бичиг өгөх болов. Агуулгыг нь дэлгэрүүлэх боломж байна уу?

-Албан бичигтээ намайг хуулийн ажилтнууд хууль бусаар саатуулсан. Хэрэв энэ хэрэг чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм бол яагаад танай ажилтнууд тэр нууцыг задруулаад байгаа юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Тэр үед хилийн тагнуул, хилийн цэргийнхэн юу хийж байсан бэ үүнийг шалгаж нэр төрийг минь сэргээж өгөөч гэсэн утгатай л зүйл бичсэн.

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үү?

-Намайг саатуулж гурван цаг тайлбар авсан. Мэдүүлэг биш. Эрүүгийн хэрэгт шалгаж хэрэг үүсгэсэн бол надад хамаарах зүйл ангийг сануулах учиртай тэгээгүй. Эрүүгийн хэрэг үүсгээгүй.

Д.Маргад