Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Эко автобус угсарагч Д.Жаргалсайхан нар нийслэлчүүдийн амь нас эрүүл мэндийг 135 мянган ам.доллар буюу 270 сая төгрөгөөр арилжиж сууна. Тодруулбал, Экологбус ХХК нь үндэсний үйлдвэрлэл, монгол инженерийн бурхан ухаан гэж ярьж, хэвлэлээр тархи угаасаар байгаад нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулсан 20 тэрбум төгрөгөөс халааслаад амжсан байна.

Өөрсдийн үйлдвэрлэсэн /угсарсан/ гэх автобусаа тендергүйгээр Нийслэлийн тээврийн газарт шахахаар худалдан авах гэрээ байгуулаад байсан нь илчлэгдэж асуудал нь Захиргааны хэргийн шүүхэд очжээ. Үйлвэрлэсэн автобусыг нь нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд авахгүй тоосонд дарагдан жил гаруй болсны эцэст ийнхүү төрд шахах гэж зүтгэж байгаа нь энэ.

Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамж гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014.05.09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэр дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон. Энэ мөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргаж, шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газарт даатгасан. Харин “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан юм.

Ингээд тендер зарласан ч Экологбус ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар асуудал гацаж, материалыг нь буцаасан байдаг. Энэ талаар НХААГ-ын дарга Ю.Идэрцогт “Үнэлгээний хорооны шалгалтаар Экологбусын материалаас зөрчлүүд гарч ирсэн. Тухайлбал, тайлан гэх мэт. Би хувьдаа Монголдоо ганц байгаа энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг хүсч Үнэлгээний хороонд санал гаргасан боловч хуулийн хүрээндээ шийдвэрлэнэ гээд миний саналыг хэрэгсээгүй. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэл боловч харанхуй авчихаж болохгүй байна. Нийтийн тээврийн автобусууд нийтийн амь нас, эрүүл мэнд гээд олон зүйлтэй уялдаа холбоотой байдаг “ гэж хэвлэлд ярьж байжээ.

Ийнхүү асуудал дагуулж байсан компани яагаад ямар ч тендергүйгээр угсарсан автобусаа шахах болов. “Экологбус” ХХК-ийн захирал Д.Жаргалсайханы төрсөн дүү Д.Энхсайхан НИТХ-ын тэргүүлэгч гишүүн. Тендергүй автобус шахахад дүүгийн оролцоо их байсан гэдгийг салбарынх нь хэлдэг. Тэд хоёулаа АН-ын Алтангадас фракцид харъяалагддаг. Түүний улстөр, бизнесийн бас нэг лифт нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Д.Жаргалсайхан, Н.Алтанхуяг нар нэг айлын баз хүргэнүүд. Д.Жаргалсайханг “Цахилгаан тээвэр” компанийн захирал байхад маш олон баримт, факт гарч энэ нь АТГ-т хүрч байв.

Гэвч баз Н.Алтанхуягийн ачаар уснаас хуурай гарсан гэж яригддаг. Төрсөн дүү Д.Энхсайхан нь НИТХ-ын тэргүүлэгч болонгуутаа нийслэлийн өмчит Тохижилт үйлчилгээний компани, цэцэрлэгжилт зэрэг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл болгож өөрөө захирлаар нь эзэн суусан. Түүнчлэн нэгтгэлийнхээ хүрээг тэлсэн шигээ өөрийн эрх мэдлийг ч чамгүй нэмэгдүүлж чадсан байдаг. Гэсэн ч жил бүр хог ачилт, цэцэрлэгжилт, цэцэг тарих цагаар мөнгө угаасан хэмээн цоллуулж яваа. Ийнхүү хотын төсвийн мөнгөөр ах дүү хоёр гараа угааж сууна. Экологбус ХХК-ийн угсарсан автобус улстөр, амь амьдралын хэлхээгээ ашиглаж шахахгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт зарж чадахгүй байгаа нь учиртай.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болно хувийн хэвшлийнхэн Экобус ХХК-ийн угсарсан автобусыг авахгүй байсан шалтгаан:

-Дэлхийн зах зээлийн жишгээс өндөр үнэтэй /Анх 160 мянган ам.доллар байсан. Нийслэлд шахахдаа 135 мянган ам.доллараар өгсөн/

-Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрийг хүртэл нуруундаа үүрч ирсэн БНХАУ, Солонгосын шинэ автобусны зах зээлийн ханш нь 45-80 мянган ам.доллар

-Солонгосын Хьюндэй компани монголын нөхцөлд тохируулан нэмэлт тоноглол бүхий автобусыг дээрх ханшаар нийлүүлэхээ мэдэгдсэн

-Экологбус ХХК-ийн угсарсан автобус хүн тээврийн үйлчилгээнд гарах автобусны олон улсын стандартаар баталгаажаагүй.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж болох, аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй.

Иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт тавих шаардлага өндөр. Агаарын хөлөг авахдаа олон улсын жишиг, хугацаа гээд асар өндөр үзүүлэлтийг хардаг. Үүнийгээ иргэний амь нас, аюулгүй байдал гэж хэлдэг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд мөн л ийм шаардлага тавихгүй байгаа нь анхаарал татаж байна. Хэрэв Экобусын стандартад нийцээгүй автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаад осол гарлаа гэхэд автобус компанийнхан л муу нэр сонсож үлдэнэ. Яагаад гэдэг асуудлыг ул суурьтай авч үзэх нь юу л бол.

Экобус үйлдвэрлэгч гэх Д.Жаргалсайхан гэгч хэн бэ?

Өмнө нь “Цахилгаан тээвэр” компанийн захирлаар 10 гаруй жил ажилласан. Түүнийг захирлаар ажиллах хугацаанд “Цахилгаан тээвэр” компани улсаас татаас авдаг ч байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Компанийн байранд “Эрдү” ХХК үйл ажиллагаа явуулсаар ирсэн. “Эрдү” ХХК нь “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Жаргалсайханы охин Ж.Содбилэгийн мэдэлд байдаг.

“Цахилгаан тээвэр” компани 2011 оны аравдугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн хэрэгсэл есөн ширхэг дуобус угсрах” 150 сая төсөвт өртөг бүхий гэрээг байгуулан ажиллаж 2012 онд долдугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”-гаас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авчээ.

Мөн “Цахилгаан тээвэр” компанийн ажилчид цалин мөнгөө авч чадахгүй эсэргүүцлээ илэрхийлэх үеэрээ Д.Жаргалсайхан даргын охины “Эрдү” компани компанийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг, ажилчдынх нь нийгмийн даатгал манай компаниас төлдөг гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг шалгуулахыг хүсч байна хэмээн мэдэгдэж байв.

Нийслэлийн аудитын газраас 2013 онд “Цахилгаан тээвэр” компанид хийсэн шалгалтын дүгнэлтээс сийрүүлье.

Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц, конткактын сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарал хандуулах. Троллейбусны цахилгаан хангамж, контактын сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авснаас хойших хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл хийгээгүй байна.

Цахилгаан тээврийн хуваарилалтыг дамжуулах 13 дэд станцаас найман станц хэвийн ажиллаж, нэг станцыг ашиглах боломжтой, дөрвөн дэд станц ашиглагдах боломжгүй болсон. Цаашид цахилгаан тээврийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1, НИТХ-ын 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.8, ННТГ-тай байгуулсан 1-03 дугаартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ий 2.2.11 дэх заалтуудыг тус тус зөрчин “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Ази сервис” ХХК-ийн хооронд “Троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани “Эрдү” ХХК-ийн хоороонд “Шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэгээг байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж, дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Ази сервис” ХХК-д Т-4 чиглэлийг, өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан “Эрдү” ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан түрээсээр олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 81.2, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6, НӨХГ-тай байгуулсан контрактийн 4.5 заалтыг тус тус зөрчиж байна.

... гэх мэтчилэн дурьджээ.

“Цахилгаан тээвэр” компанийн тролейбуснууд цахилгааны гэмтлийн улмаас зогсох асуудал ч цөөнгүй гардаг. Гэтэл тус компанийн захирал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрийн төрсөн охиндоо шугамын үйлчилгээний чиглэл түрээслэсэн аж. Ингэж түрээслэхдээ орон нутгийн өмчийг түрээслэх тухай бодлогыг зөрчиж, 2.2 сая төгрөг дутуу тооцсон, түрээсийн орлогоос төсөвт төвлөрүүлэх ёстой 277.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэх зэрэг зөрчил байгааг ч уг шалгалтаар тогтоосон байна. Тэр ч бүү хэл, троллейбусны эцсийн зогсоолуудын талбайг хувийн компаниудад сарын 0.3-0.6 сая төгрөгөөр түрээсэлж, зориулалтаар ашиглахгүй байгаа зэргийг аудитын дүгнэлтэд мөн дурьдсан байна.

Тендергүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ тэр дундаа төрийн өмчит автобус компанид өндөр үнэтэй угсарсан автобус нийлүүлэх болсон, ямар арга замаар худалдан авах гэрээ байгуулсан зэргийг нь баримтжуулан Д.Жаргалсайхан гэгчийг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ Улаанбаатар автобус нэгтгэлээс албан ёсоор мэдэгдлээ.

Б.Санчир

times.mn