УИХ ирэх 2016 оны төсвийг хэлэлцэж байгаа. Жил бүрийн өдийд төсөв халуун сэдэв болдог уламжлалтай болчихсон. Ингэж байтал өнгөрсөн онд баталсан 2015 оны төсөв жилийн эцсээр 900 тэрбум төгрөгөөр тасалдана гэсэн тооцоо байгаа тухай сангийн яамнаас мэдээлчихсэн байгаа.

Тухайн жилийнхээ төсвийг баталсан даруй дараа жилийнхээ төсвийн тухай ярьж орлого зарлагынхаа тэнцвэрийг хэрхэн барьж, ямар арга хэмжээ авах талаар эрх баригчид шийдвэрээ гаргаж байх ёстой ч манайхан тэгдэггүй.

Цагийг нь тулгаж ирээд л хэтэрсэн төсвийн алдагдал, дүүргэх тодотголын тухай ярьсаар байгаад оны өмнө “сандарсан” төсөв баталчихдаг. Уг нь гадагш чиглэх мөнгөний урсгалыг хумиж, төсвийн алдагдлыг 5 хувьд барина гэж байгаа. Ерөөсөө ихээр хэмнэсэн төсөв батлахгүй бол горьгүй нь гэцгээж байна. Гэвч ярьсан шигээ хийх эсэх нь гол асуудал. Ядаж байхад сонгууль угтсан жилийн төсөв. Уншигч та санаж байвал 2012 оны төсвийг улстөрчид батлахдаа 2011 оныхоос 2 их наяд гаруй төгрөгийн илүү зарлагатай баталж байсан. Мөн сонгуулийн өмнөх жилийн төсөв маш эрсдэлтэй төсөв болж батлагддаг гашуун түүх бий. Хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн тэтгэмж, оютны тэтгэлэг зэргийг тараасан нь өнөөгийн энэ их хямралд хүргэхэд нэлээд нөлөөлсөн түүхтэй. Дэлхийн эдийн засаг хямраад, алт, зэс, нүүрсний үнэ уначихаад байхад л 1 сая 500 мянган төгрөгийн алдарт амлалтаа биелүүлэх гээд гарын үсэг зурж хавтгайрсан их халамжийг үүсгэж өнөөгийн эдийн засаг хямрахад бие сэтгэлээрээ оролцсон нөхөд одооч эрх мэдэлтэй хэвээр. Тэгэхээр сонгууль хаяанд ирсэн энэ цагт сайн төсөв баталж чадах эсэх нь эргэлзээ үүсгэж байна.

Өөрөөр хэлбэл 2016 оны төсөвт Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил эхэлнэ Тавантолгойг эргэлтэнд оруулна гэжээ. Өмнө нь УИХ төсвийг батлахдаа Оюутолгойг хоёр дахь эргэлтэнд оруулаад хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэж үзээд, 400 гаруй тэрбум төгрөг төсөвтөө тусгаж алдаж байсан удаатай. Эндээс үзэхэд Оюутолгойн гацааг гаргасан ч ирэх онд шууд бөөн мөнгө орж ирнэ гэсэн баталгаа байхгүй харагдаж байна.

Тавантолгой бол одоо ч гацаанд байгаа.Үнэхээр тэд “хоёр толгой” д найддаг хэвээр байна.

Мөн ирэх оны төсөвт тонн нүүрсний үнийг ангиллаас нь хамаарч 32.8-54.8 ам.доллар байхаар тусгажээ. Харин нэг тонн зэсийн үнийг 5268.7 ам.доллар байхаар тусгасан байна. Ирэх онд Монгол Улс нийт 19.5 сая тонн нүүрс, 1.3 тэрбум тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцоолжээ. Уул уурхайн салбараас төсөвт орж ирэх нийт орлогын хэмжээ 900 орчим тэрбум төгрөг. Үүний 90 орчим хувийг алт, зэс, нүүрсний салбар дангаар төвлөрүүлэх тооцоолол байна. Эрсдэл гарвал яах вэ. Уг нь ганцхан уул уурхайд түшиглэж биш олон өнгөт төрөлжсөн эдийн засгийг цогцлоож урагшлах тухай бид нэлээд хэдэн жил ярьсан. Тиймээс иргэд уул уурхайгаас бусад салбаруудад ч өөрийг нь үр хүүхдийг нь багтаах ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэр би болохнуу, улс оронд олон улсын жишигт нийцсэн чанартай боловсрол олгох сургууль, эмнэлгийн хүрэлцээ баталгаатай эсэх тогтмол ажлын байр зэргийг хүлээж суугаа..

Н.Ганчимэг