Өнөө л нэг архинаас болоод би амьдрал руу хөтөлцөж орсон ханиа орхиод дөрвөн хүүхдээ бодсон... Би үр хүүхдүүдээ хэрүүл зовлонгүй, зодоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг хүссэн юм. Өлөн зэлмэн ходоодтой байлаа ч гэсэн өршөөх уучлах сэтгэл зүрхгүй болчих вий гэж айгаад. Би нөхөртэйгээ 22 жилийн өмнө нөхөртэйгөө суух үедээ би амьдралын талаар гүн гүнзгий бодох хэрэгтэй байснаа одоо л ухаарсан.

Эр нөхөр минь тийм ч муу хүн байгаагүй ээ. Зүгээр л амьдралд хэтэрхий бууж өгөмтгий, сэтгэлийн хатгүй, архинд толгойгоо мэдүүлчихсэн л байсан. Намайг хамаг хувцсыг нь цүнхэнд чихэж өгөөд гаргахад юу ч хэлэлгүй үүрч аваад л өөрийнхөө төрсөн нутаг руу яваад өгсөн. Уг нь би намайг аргадаад, үр хүүхдээ бодоод ядаж хотоос холдохгүй байх гэж дотроо найдаж л байлаа. Гэтэл нэг л мэдсэн манай гэр бүл ганцхан хүний цалин харж ганцхан ээжийн гар харахаас өөр аргагүй хүндхэн үетэй нүүр тулгарах нь тэр. Би ч хаяад явсан нөхрөө уучлахгүй гэж гүрийсээр ганцаараа гадаа гарч эр, гэрт эм болж дөрвөн хүүгийнхээ хөлийг дөрөөнд гарыг ганзганд нь хүргэсэн. Энэ хооронд олон даваа бэрхшээл тулгарч муудаж, сайнтай эднийгээ авч явлаа. Одоо бол айлшиг айл хүн шиг хүн болсон. Гэтэл саяхан муу нөхрийгөө нутагтаа архиа ууж яваад өөд болсныг сонсоод өөрийгөө буруутгаад сууж байна. Залуу насандаа хамтдаа бүгдийг бүтээнэ гэж гараас нь атгаж амьдрал уруу зүглэсэн мөртлөө замын голд нэгнээ орхисон юм шиг мэдрэмж төрөөд байна. Ер нь тэгээд хайр дурлал байсан ч байгаагүй ч нэг нэгнийхээ төлөө амьдрах сэтгэл, зүтгэл байх юм бол юуг л бол юуг л бүтээж болдог. Хэрвээ гучин насанд минь одоогийн тавин нас шиг ухаан бас энэрэх уучлах сэтгэл байсансан бол би гэр бүлээ аварч чадах байлаа. Хүмүүс намайг чи өөрийгөө битгий буруутга, чи буруугүй гэж хэлдэг. Гэхдээ би буруутай. Хэн нэгэн хүн намайг энэ амьдрал уруу түлхээгүй. Би өөрөө гүйж орсон. Хэн нэгэн хүн надад нөхөр сонгож өгөөгүй. Би өөрөө түүнийг сонгосон. Хэн нэгэн танихгүй хүнтэй би амьдрал эхлүүлээгүй. Би хайртай байсан учраас хамтдаа бүгдийг эхлүүлсэн. Хэрвээ надад багахан ухаан өчүүхэн хүч байсан бол би энэ амьдралыг элэг бүтэн авч явж чадах байсан юм. Тэгэхээр бүсгүйчүүд минь ухаанаа зарж нөхрөө авч явах хэрэгтэй шүү. Тэр хүн амьдралыг авч явна харин чи чиглүүлэгч нь. Олны танил сайхан эрчүүдийн чинь ард дандаа эхнэрүүд нь байдаг алдартай хүмүүс ч хэлдэг шүү дээ миний амжилтын ард хань минь байсан гэж энэ үгний цаад утга ийм л байж.