Цагаан идээ хүний биед ихээхэн ач тустай. Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, эзгийний өтгөн шар сүүг байнга уухад эмийн дээд болдог аж.

Мөн уг өвчинд цагаан ямааны тараг сүү, хөхний сүү өндөр ач тустай байдаг аж. Мөн ямар ч малын сүүгээр шахсан байж болох шинэхэн бяслаг нь үүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэл өндөртэй байдаг тул элэг, цөсний өвчинд тустай гэнэ. Бяслагийн бичил биетүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задалж, хүний бие махбодид шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана. Бяслаг нь юугаар ч орлуулашгүй аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм. Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ.

Мөн Олимпийн тэмцээнд оролцож буй тамирчид бяслагийг ихээр иддэг байсан аж. Одоо цагт бол чихрийн шижин, элэг, ясны үрэвсэл, цус багадах, цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байгаа юм. Мөн цагаан ба хөх дэгдийг чанаж өдөрт 2-3 удаа уувал элэгний шар, биеийн халуун арилдаг гэнэ.