Хүний араншин цагийн эрхээр өөрчлөгдөх нь жам, харин итгэл үнэмшил цагийн аясаар хувирах нь ховор юм. Гэхдээ ховор гэдэг нь огт байдаггүй ч гэсэн үг бас биш юм аа.

1990-ээд оны эх, Ардчилсан хөдөлгөөний оргил үед чухамдаа Бат- Үүл, Элбэгдорж нараас илүү Ленин багшид хайртай хүн байгаагүй гэж болох байх. Тэдний амнаас “Ленин” гэдэг үг гурван үг тутмын нэгэнд хавчуулагдаж, бүр хэтрээд нэг цуглааныг Ленин багшийн дурсгаалыг хүндэтгэхэд зориулж байв. Тэр хоёр тухайн үеийн Монголын нийгэмд Маркс, Ленин багш нарын сургаалыг жинхэнэ утгаар, ямар нэг гуйвуулгагүйгээр нэвтрүүлэхээр ирсэн гэдгээ тунхаглаж, энэ хоёр их хүмүүний тухай муу үг унагасан хэнийг ч Ардчилсан хөдөлгөөнийг эсэргүүцэгч гэж зарладаг, Ардчилсан холбооноос хөөдөг байсан нь уг нь саяхны явдал л даа.

Харин өнөөдөр Ленин багшийг хамгийн их үзэн ядагч, коммунизмыг эсэргүүцэгчийг олоод ир гэвэл Бат-Үүл, Элбэгдорж хоёр баттай эхний эгнээнд жагсана. Хэдхэн жилийн өмнө Ленин багшийн хамгийн үнэнч шавь, бишрэн шүтэгч гэдгээ тунхаглан зарлаж, үйлсийг нь нэр төртэй залгамжлахаар ханцуй шамлан байсан энэ хоёрын ийн төрөл арилжсан замыг харсаар би нэг дүгнэлтэнд хүрсэн нь, өнөөгийн Монголын нийгмийн хамгийн тэргүүний коммунистууд нь Бат-Үүл, Элбэгдорж хоёр юм байна гэсэн дүгнэлт юм.

Коммунизмыг хамгийн их хараан зүхэж байгаа хүмүүсийг ийн өргөмжилсөнд хүмүүс гайхах байх, гэхдээ ухаж бодвол гайхах зүйл биш бололтой юм. Коммунист үзэл гэдэг нь марксизм-ленинизмын үзэл санааг дээдлэх итгэл үнэмшил, засгийн эрхийг тогтоон барих коммунист арга зүй хоёрын нийлбэр. “Би коммунист үзлээсээ салсан”, “би коммунизмыг үзэн ядагч болсон” гэсэн үг нь энэ хоёрын хувьд зөвхөн марксизм-ленинизмын үзэл санааг дээдлэхээ больсон гэсэн утгыг л агуулахаас биш, коммунист арга хэрэглэхээ больсон, коммунистын нүдээр аливаа зүйлийг харахаа больсон гэсэн үг хараахан биш гэдэг нь олон юмнаас харагддаг.

Засгийн эрхийг тогтоон барих коммунист арга ганцхан зүйлд тулгуурладаг нь ард түмний сэтгэлгээний люмпенжилтийг бий болгох явдал. Сэтгэлгээ нь люмпенжсэн иргэдийг хуурах шиг амархан юм байхгүй. Люмпенжсэн сэтгэлгээтэй хүн ядуу дорой хувь тавилантайгаа амархан эвлэрэхийг яав. “Би бусдын адил байна” гэсэн ганц бодол ирээдүйд хүрэх эрмэлзлийг нь хүлж, харин ч бас гайгүй, амьдрал болж л байна хэмээн өөрийгөө хуураад эхэлдэг билээ.

Коммунистууд “ажилчин анги бол нийгмийн тэргүүлэгч хүч” гэж баадуудан онгироох замаар нийгмийн люмпенжилтийг хадгалдаг байсан бол коммунист аргатай “ардчилагчид” болохоор “ард түмний эрх ашиг бүхнээс дээгүүр” гэсэн шинэ баадууг хэрэглэх боловч цаад утгаараа бол “ард түмэн” гэдэгтээ люмпенжсэн иргэдийг л хамруулах болов. “Ард түмэн та нар төрийн эрхийг барьж байгаа, би зөвхөн та нарыгаа л төлөөлж байгаа өчүүхэн амьтан” гэнэ. Нөгөө люмпен таваариш болохоор “миний амьдрал хэдий ядуу, ажилгүй, хоолны мөнгөгүй хэцүү байгаа боловч намайг төлөөлсөн хүн төр барьж байгаа болохоор удахгүй сайжрах нь ойлгомжтой” гэж бодоод, саналаа өгөөд байна. Нарийн дээрээ “ард түмний төлөөлөгч” нөгөө баагий нь сонгогдож гармагцаа ард түмнээ таг мартаж, зөвхөн өөрөө баяжиж хөлжөөд, эрх мэдлийнхээ ид хавыг гайхуулаад явдаг нь хэнд ч хамаагүй асуудал болж хувирна.

Коммунистуудын хэрэглэдэг энэ аргыг хамгийн чадварлаг хэрэглэх болсон Бат-Үүл, Элбэгдорж нар тэгэхээрээ өнөөгийн шилдэг коммунистууд мөн байгаа биз? Тэдний коммунист арга барил бүх үйл ажиллагаанд нь дэндүү ил цагаан илэрдэг. “Хураана, нураана, буулгана” гэдэг бол өнөөгийн Улаанбаатар хотын удирдлагын гол уриа. Хүмүүс ч үүнийг хэдийнэ мэддэг болсон.

Гэтэл сүүлийн үед, ялангуяа Бат-Үүлд “коммунист” гэдэг нэрээсээ салах хүсэл нь өтөн загатнуулаад байгаа нь илт мэдрэгдэх болов. Нэг гэм нь өөр арга үгүй болохоор “коммунист” гэдэг нэрээсээ салах аргаар коммунист аргаа л сонгосон нь инээдтэй болжээ. Бусдыг “коминтерний шээс” гэх мэтээр хэлээд болохгүй болохоор, хэдхэн жилийн өмнө “аугаа их багш” хэмээн өргөмжилж байсан Лениний, хэнд ч гэмгүй хөшөөтэй дайн зарлав. Одоо болохоор Лениний үзэл санааг оруулж ирсэн “ялтан” намыг үндэслэгч Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх санаа сэджээ.

Хотын төвд байдаг хэдэн хавтгай дөрвөлжин метр орон зайг юу гэж өргөмжлөх, хэний нэрээр нэрлэх сонин биш. Сүхбаатар нь хатгаад байгаа бол Чингис, Өндөр гэгээн Занабазар, Наймдугаар Богдын гэнэ үү, С.Зориг, Д.Нацагдорж, П.Очирбатын гэнэ үү, юуны ялгаа. Хамгийн гол нь ингэснээрээ Бат-Үүл тэргүүтэн коммунизмаас бүрмөсөн ангижирснаа үзүүлнэ гэдэг л юу бол. Зүгээр л Сүхбаатар гэдэг хүн чинь Монголын түүхэнд нэг их гавъяа байгуулаагүй юм байна, үүнийг эрдэмтэн мэргэд нь ийм ийм судалгаагаар тогтоочихлоо, тиймээс түүнээс илүү гавьяатай нэгийг сонгож нэрлэвэл яасан юм бэ гээд, нөгөө түрээ бариад байдаг ард түмнээсээ жинхэнээсээ саналыг нь асууж байгаад хийхийн оронд нөгөө л сурсан аргаа хэрэглэж, коммунизмаас ангижирснаа коммунист аргаар харуулах гэж оролдоод байгаад л гол учир нь байгаа юм. Шинэ онигоо хэлэх үү? Гадаадын хүн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буугаад такси хөлсөлж, Чингисийн өргөн чөлөөгөөр явсаар Чингис хааны талбайн урдуур баруун гар тийшээ эргэж “Чингис” зочид буудал хүрэх болох нь.

Уул нь Бат-Үүл өөрийгөө коммунист гэдгээ нуудаггүй байхдаа арай дээр байсан юм уу даа. Энд нэг түүхийг хальт дурдъя.

Ардчилсан холбооны анхны цуглааны үеэр драмын жүжигчин Равдан үг хэлэхдээ, чухам хэний хатгаасаар тэгснийг бүү мэд, Лениний эгэл даруу зан чанарын тухай жижигхэн миниатюр уншсан юм. Энэ нь бидний зорилгоос даанч их хол зөрсөн болохоор миний бие Равданг үгээ дуусгасны дараа бяцхан тайлбар хийж, энэ бол Ардчилсан холбооны үзэл баримтлал биш, хувь хүний үзэл баримтлал гэснийг цуглаанд оролцсон хүмүүс санах биз. Энэ нь Зориг, Бат-Үүл Элбэгдорж нарыг хилэгнүүлж, цуглаан дээр Ленинийг үгүйсгэж зүрхэлсэн эсэргүү хэмээн намайг Ардчилсан холбооноос хөөж билээ. Тэр үед би “коммунистууд хэзээнээсээ л хэлмэгдүүлдэг” гэж бодоод маргаан тэмцэл хийгээгүй л дээ. Ийм л байсан хүмүүс. Харин яагаад чухамдаа одоо өөрийгөө коммунист биш гэж үзүүлэх гэж ингэж махран оролдох болов гэдэгт л асуудал байгаа юм.

Өнөөгийн Ардчилсан тогтолцоог тухайн үед час улаан биш гэхэд нил ягаан коммунист байсан Бат-Үүл нар удирдан бий болгосон гэдэгт эргэлздэг хүмүүс байдагтай үүнийг холбоход болох мэт. Коммунист итгэл үнэмшилтэй байхдаа ардчилсан хөдөлгөөнийг удирдсан гэх нь өөрт нь ч эвгүй байдаг биз, хөөрхий, “энэ чинь тактик байсан”, “Нэргүй доктор л биднийг уруу татсан”, “Төр ба хувьсгал”-ыг уншаад л буруугаа ухаарсан” ч гэлүү, баахан шалтаг хэлж үзсэн ч нэмэр болоогүй. Тиймээс өнөөдрийн ардчилсан нийгмийг анх үүсгэн байгуулалцсан гэсэн нэр хүндээ хамгаалахад саад болоод байгаа коммунист үзэлтэйгээ өнөөдөр хайр найргүй тэмцэж байгаа дүрийг үзүүлэх дуртай болчихоод байж мэдэх юм. Цаг үеийн салхийг даган итгэл үнэмшлээ дотуур цамц шигээ ингэж амархан солихыг “хамелеончлох” гэсэн ганцхан үгээр илэрхийлж болно.

Нөгөө талаар тэд коммунист арга барилаасаа салаагүй, салах хүсэлгүй, харин ч цаашид улам гүнзгийрүүлэн хэрэглэх сонирхолтой байгаагаа ил харуулж байгаа нь, ялангуяа эрх барьж байгаа энэ нөхцөлд аюултай үзэгдэл гэж ойлгож байна. Коммунист, фашист арга барилууд огт ялгаагүй, аль аль нь дарангуйллын тогтолцоо руу шууд хөтөлдөг.

“Чонотой нийлсэн гэрийн нохой чононоос аюултай” гэж үг байдаг. Коммунизмын төлөө тэмцэхээ ил хэлж байгаа коммунистаас Ардчиллын нэрээр халхалсан шинэ коммунистууд илүү аюултай гэж би үүнээс болоод хэлдэг юм. Коммунист арга барилаар ардчилсан нийгмийг хөгжүүлнэ гэж байхгүй, ингэж сэрүүн зүүдлэх хэрэггүй. Сайн сайхан зорилтод муу аргаар хүрдэггүй юм. Энэ нь өнөөгийн ардчиллыг мухардуулж, люмпен сэтгэлгээний ноёрхлыг бий болгожээ.

Бид дарангуйлагч, тоталитар нийгмийн тогтолцоо руу хөтөлсөн дардан замд нэгэнт орсон байна.

Чимидийн ЭНХЭЭ