Монголын улсын УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн үзэж Монголын Залуучуудын Холбооны Хариуцлагын хорооноос Үндсэн Хуулийн Цэцэд 2015 оны 10 дугаар сарын 26-нд өргөдөл гаргасан байна.

Тэгвэл өнөөдөр энэ талаар Монголын Залуучуудын Холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үндсэн Хуулийн Цэцэд Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Хариуцлагын хорооны дарга М.Эрдэнэжаргал өргөдөл гаргасан бөгөөд Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь заалт ньҮндсэн Хуулийн холбогдох 7 заалтыг зөрчсөн гэж үзэн өргөдөл гаргажээ.

Тус өргөдөлд 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэдгийг үндэслэн Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэг нь бүхэлдээ Үндсэн Хууль зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” заасанд нь “ аливаа этгээд ” гэж орсон нь Монгол Улсын бүх иргэнд хамаатуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг Арван зургаадугаар зүйлийн 3, 4, 6, 8, 9, 16, 18 дахь хэсэгт заасан эрхийг хөндөж байгаа юм.

Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “3.1.3. “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшиж бүртгүүлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” гэж заасан байтал иргэний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдахдаа иргэний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор зөрчиж байгаа тул 35.15-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэхээр Үндсэн Хуулийн Цэцэд өгөөд байна. Өргөдлийг Үндсэн Хуулийн Цэц хүлээн авсан юм.