Д.БИЧЭЭЧХҮҮ

Авлигатай тэмцэх газрынхан хүүхдэд зориулсан ном бүтээлээ гэнэ үү. Тэгж гэнэ ээ. Номын нэр нь хүртэл өхөөрдөм хөөрхөн гээч “Туулайхүүгийн адал явдал” гэдэг юм билээ.

Номын өмнөтгөлд хүүхэд, багачуудад шударга ёсны дадал бий болгохыг зорьсон тухай бичиж. Түүнтэйгээ зэрэгцүүлээд авлигын хор уршгийг олон нийтэд ухуулан таниулах гэсэн өөрийнхөө ажлын чиглэлийн үг өгүүлбэр бас багтааж.

Зохиогчид нь энэ номоо хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх “Гарцыг олоорой” тоглоомын хэлбэрээр боловсруулсан гэж тайлбарлаж байгаа. Бүр тодруулбал туулай хүүд (тэр нь Зоригт ч бай, Ганболд ч байж болох) тохиолдсон адал явдлаар бага насны хүүхдэд шударга ёсны хүмүүжил төлөвшүүлнэ гэж бүтээсэн юм билээ.

Авлигатай тэмцэх газарт соён гэгээрүүлэх талын хэлтэс, тасаг байдаг. Тэндээ иргэдэд авлигын хор уршгийн талаар мэдээ, мэдээлэл хуримтлуулж сурталчилгаа хийдэг байх л даа.

Олон түмэнд тэр нь олигтой харагддаггүй. Харин АТГ гэдэг хадны л мангаа байх болжээ гэсэн ойлголт л хаа сайгүй тэнэж явдаг юм.

Долоо хоног алгасалгүй хэн нэг албан тушаалтныг барьж хорьдог. Түүнийгээ сүр дуулиан болгон мэдээлж буруутан биш ч гэмт хэрэгтэн болгодог. Тэгээд болоогүй ээ. Гэм хийгээгүй хүнийг зохиомол хэрэгт түлхэн ял зэм оноодог ийм л газар. Долоо хоногийн тав дахь өдөр АТГ-ынхан баривчилгаа хийж хэвшсэн болохоор тэр өдрийг “хар баасан” гариг гэж нэрийддэг ч болсон.

Сүүлд дайран дээр нь давс гэгчээр Улсын ерөнхий прокрорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг тэднийд шилжүүлсэн явдал төрийн гэх байгууллага хүний эрхийг хууль бусаар зөрчдөг. Нэгний эрхийг уландаа гишгэх дэндүү эрх мэдэл бэлэглэсэн хэрэг болсон.

Ёстой л манайхыг хэн хэлэхэв, нохойг хэн ч саахав гэсэн маягтай ажиллаж ирсэн. Хүнийг хилс хэргээр мөрдөж байцаалт явуулдаг, хүссэнээрээ хэрэг үүсгэж чаддаг нь дээр үеийн ногоон малгайтнуудын үйлийг санагдуулж ирсэн юм.

Гэтэл сүүлийн үед соёлтой, энэрэнгүйг үйл ажиллагаандаа эрхэмлэх болсон шиг. Туулайхүүгийн адал явдал номын зорилго тиймийг “хэлээд” байна уу. Бас сургаж хүмүүжүүлэхийнхэн ажилгүй болох нь уу. Авлигатай тэмцэхийнхэн тэдний ажлыг булаан авлаа гэж ч болмоор.

Басхүү “Туулайхүүгийн адал явдал” номтойгоо хамтатган цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалтын гарын авлага боловсруулжээ. Тэр ном, гарын авлагаа улсын хэмжээний цэцэрлэгийн ахлах болон бэлтгэл бүлгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хүргэхээр шахаж байгаа сурагтай.

Тэгэхээр АТГ-ынхан зорилго чиглэлдээ бизнес хийх тухай заалт оруулсан байж таарах нь ээ дээ.

Бас өнөөдрийн бага, балчир насныхан авлига гэдгийг үзэн ядагч болж улмаар хорин жилийн дараах Монгол Улс ганц авлигачгүй болох ирээдүй тодорч байна. Тэр цагаас наана нь бол авлигач нэрээр олон хүнийг барьж хорьж байцааж шийтгээд л байх нь. АТГ-ынхан бүгдээрээ Туулайхүү болж ч мэдэх нь.