Ирэх оны төсвийн тодотголыг дараа долоо хоногт хэлэлцэнэ. Энэ үеэр гишүүд бензин шатахууны үнийг 100 хувь нэмэх хүсэлтэй байгаа ажээ.

Тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төсвийн алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврын дагуу Сангийн сайд Б.Болор өнгөрөгч аравдугаар сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд уг тогтоолын төсөлд дурьдсанаар “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдээд байна” гэжээ.

Сангийн яамныхны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм байна.

Н.Ганаа